ОХУ-ын дэлхийн алдартай балетын од Владимир Шкляров өнгөрсөн бямба гарагт барилгын таван давхраас унаж нас баржээ.
Тодруулбал Оросын эрх баригчид Шкляровын үхлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ч "урьдчилсан шалтгааныг" осол гэж дүгнэсэн гэж төрийн мэдээллийн РИА Новости мэдээллээ. Харин онцгой байдлын албанаас “Энэ бол гэмт хэрэг биш" гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Шкляров нуруу нугасны нарийн төвөгтэй хагалгаанд орохоос хоёр хоногийн өмнө нас барсан бөгөөд хэсэг хугацаанд "хүнд өвдөлт намдаах эм" ууж байсан гэж Оросын хэвлэлүүд мөн мэдээлсэн аж. Мөн Мариинскийн ерөнхий бүжигчин Диана Вишнева “Шкляровын үхэл нь балетын ертөнцийн эмгэнэлт явдал түүнийг үзэгчид маш их хайрладаг байсан. Тэр олон балетчин бүсгүйн хайртай хамтрагч байсан” гэж Инстаграм хуудсандаа бичсэн байна. Ленинград, одоогийн Санкт-Петербург хотод төрсөн Шкляров Оросын нэр хүндтэй Вагановагийн нэрэмжит балетын академид суралцаж, 2003 онд төгссөн. Тэр жилдээ Мариинскийн театрт элсэн орж тус компанид хамгийн өндөр албан тушаал хашиж ерөнхий бүжигчнээр ажиллаж байсан юм. Мөн хорь гаруй жилийн карьертаа Шкляров “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Ромео Жульетта”, “Дон Кихот” зэрэг киноноос гадна Лондонгийн Хатан хааны балет, Нью-Йорк дахь Америкийн балетын театр зэрэг Оросоос бусад компаниудад зочин уран бүтээлчийн дүрд тоглож муугүй жүжигчин гэдгээ мөн харуулж байсан билээ. Дашрамд 2022 оны 2-р сард Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш хэдхэн хоногийн дараа Шкляров энх тайвныг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.
Эх сурвалж: CNN News