Оросын нэгэн программ хангамжийн компани долоон настай код бичдэг хүүд насанд хүрсэн даруйдаа цалинтай ажилд орохыг урьжээ.
Тодруулбал, ОХУ-ын Санкт-Петербург хотын иргэн Сергей таван настайгаасаа эхлэн программ хангамж хэрхэн бичих талаар тайлбарласан видео бичлэгүүдийг Youtube-д байршуулж, өөртөө нэр бий болгожээ. Эдгээр видеонуудын ачаар мэдээллийн аюулгүй байдлын "Pro32" фирм түүнд корпорацийн Сургалтын албаны даргын албан тушаалд ажилд орох саналаа бичгээр илгээсэн байна. Гэвч Оросын хуулийн дагуу Сергей 14 нас хүртлээ ямар ч цалинтай үүрэг гүйцэтгэх боломжгүй аж. Тиймээс "Pro32"-ын гүйцэтгэх захирал Игорь Мандик “Сергейгийн эцэг эхтэй энэ хооронд хамтран ажиллах арга замыг хайж олох талаар ярилцсан” байна.
Энэхүү саналыг хүүгийн аав Кирилл баяртай хүлээж авсан бөгөөд "Сергей хэзээ компанид элсэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн хариулжээ. Мөн эцэг нь хүүгийнхээ талаар “Миний хувьд тэр Моцарт шиг л хүн. Түүний YouTube суваг нь Python болон Unity програмчлалын хэл сурах сонирхолтой, эсвэл хиймэл оюун ухааны олон хэрэглүүрийн үндэс болсон мэдээлийн сүлжээний талаар илүү ихийг сонсохыг хүсдэг 3500 гаруй захиалагчтай" гэжээ.
Эх сурвалж: BBC