Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-ийн төслийг боловсруулж, өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан.
-Х.НЯМБААТАРЫН ХУУЛИЙГ ДАГАЛДУУЛЖ БАТАЛСАН НИТХ-ЫН ТОГТООЛЫН ДАГУУ ӨНӨӨДӨР ИРГЭД УЛААНБААТАРЫН ДУГААР АВАХ ЭРХГҮЙ БОЛСОН-
Уг хуулийг дагалдуулан Ж.Батбаясгалан даргатай НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг гаргасан байдаг.
Уг тогтоолоор, Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосноос гадна, аравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын серитэй улсын дугаарыг иргэдэд олгохгүй болсон. Мөн өнгөрсөн сарын 1-ээс эхлэн /2024.10.01/ хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутамд буюу 24 цагт 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм.
Дарга нар энэ шийдвэрээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой холбон тайлбарладаг. Энэ мэт Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын боловсруулсан хууль, журам Үндсэн хуулийн 16.3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн заалтыг мөн тус хуулийн 16.18 дахь хэсгийн “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэснийг тус, тус зөрчиж байгаа юм. Эрх баригчид шийдэл хайхын оронд, шууд иргэдийн халаас руу гар дүрэх, үнэ нэмэх, эрх чөлөөг нь хумих зэргээр ажилладаг болсон нь нийгмийн үнэт зүйлээсээ ухарсан үйлдэл ч байхыг үгүйсгэхгүй. Учир нь монголчууд нь хувийн өмчтэй байхын тулд ардчиллыг сонгосон, чөлөөтэй зорчих эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан.
-200 САЯАС ДЭЭШ ҮНЭТЭЙ МАШИН, НЭГ АЙЛЫН ХОЁР МАШИНААС ТАТВАР АВАХААР БЭЛТГЭЖ ЭХЭЛЖЭЭ-
Тэгвэл Түгжрэлийн сайд буюу “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 200 сая төгрөгөөс дээш үнэтэй автомашин мөн хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй айл, өрхүүдээс бол тансаг хэрэглээний татвар авах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
Тэд автомашин нэмж явуулахгүй гэж буй хоржин санаагаа олон нийтэд ойлгуулахын тулд УИХ-ын гишүүдээр эхэлж яриулж байгаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр “Өндөр үнэтэй машины татвар гэх мэтчилэн зүйлсийг 2025 оны төсвийн төсөлд яагаад оруулаагүй юм. Манай улс нэг хүнд ногдох Ланд-300 маркийн машины тоогоороо дэлхийд тэргүүлж байна. 2024 оны борлуулалтыг харахад 3000 гарчихсан байна. Импортын архи зэрэгт татвар нэмэх асуудлыг бодсон уу” гэж асуусан. Мөн Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Улаанбаатар хотод нэг өрхөд дунджаар 1.6 автомашин ногдож байна. Бараг өрх бүрд хоёр автомашин байна. Энэ зөв үү" гэж яриад эхлэв.
‼️‼️‼️Хотын 1-р орлогч нь “Улаанбаатар хотод өрх болгон 2 машинтай болчихсон нь зөв үү” гэж асуугаад зогсож байна. Хувийн өмчтэй байх гэж ардчиллыг сонгосон юм шдээ. Орлогч гэгч энэ нөхрийнхөөр бол хүн өмчтэй байж болохгүйн. Удахгүй хотынхон хоёр машины чинь нэгийг хурааж аваад… pic.twitter.com/vO9TBVKrTv
— Г.Лхагвадорж UBN.MN (@GanboldLkhagva1) November 18, 2024
Ийнхүү ярьж эхэлсэн нь Р.Эрдэнэбүрэнгийн боловсруулсан хуулийн төсөлд олон нийтийн дасгаж байна уу гэх хардлага төрж байна. Нийслэлийн өнгөрсөн үеийн удирдлагууд газрын наймааг замбараагүй цэцэглүүлж, Улаанбаатарыг зогсоолгүй, зам тавих талбайгүй, төлөвлөлтгүй болгосон. Харин өнөөдрийн удирдлагууд түгжрэл бууруулах хүний эрхийн мэдрэмжтэй шийдэл, нийтийн тээврийн хүртээмж, алхах орон зай, өөр бусад хэрэгсэл сонгох боломж, орчин нөхцөл бүрдүүлж өгөхийн оронд хураах, хорих, хязгаарлах л асуудал ярьдаг болсон нь харамсалтай.