“Өөрөөс эхлэх амьдралд бууж өгч, шантарч л болохгүй” хэмээн ярих түүнийг Б.Мөнхзаяа гэдэг. Тэрбээр осолд орж харамсалтайгаар нэг хөлгүй болсон ч зүгээр суухыг хүсэлгүй, зах дээр зайдас зардаг байж. Улмаар ард түмний итгэл, сэтгэлээр байртай болж, ажлын байраар ч хангагдаад байгаа юм. Харин Б.Мөнхзаяагийн хувьд 130 кг жинтэй, нэг хөл дээрээ явдаг учраас эрүүл мэндийн хувьд багагүй хүндрэлтэй байсан аж.
Харин фитнесийн багш Л.Саруулбат болон Б.Дугархүү эмч нар түүнтэй холбогдож, Б.Мөнхзаяа бүсгүйд тураах санал тавьснаар тэд хамтарч, өдгөө хоёрхон сарын хугацаанд эрүүлээр 30 кг жин хасаж чаджээ. Одоо Б.Мөнхзаяа багш нарынхаа ачаар ажлын байраар хангагдаж, өглөө нь фитнестэй явж, өдөр нь маск, бээлий оёх ажлаа хийдэг байна. Тэрбээр хоёрхон сарын дотор 30 кг хасахдаа сахарын дэглэм барьж турсан талаараа бидэнд ярьсан юм.
ВИДЕО:
-Хэдэн сарын дотор хэдэн кг жин хасаж чадав гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?
-Миний хувьд осолд орохоосоо өмнө л туранхай байсан. Түүнээс хойш огт туранхай байж үзээгүй. Би чинь 130 кг жинтэй байсан хүн шүү дээ. Одоо 30 кг жин хасчихсан байгаа. Ард түмнийхээ дэмжлэгээр байр, оронтой болсон. Тэр үед Л.Саруулбат багш маань холбогдоод, “Ийм мундаг хүнд бага ч гэсэн тусламаар байна. Дугараа эмч бид хоёр нь чадна аа” гээд хэлэхэд би үнэхээр их баярласан. Би чинь энэ хоёр багшийгаа сошиалаас л харж, очиж үзэх юм сан гэж боддог байтал надад ийм аз тохиосонд үнэхээр их баяртай байгаа.
-Анх Л.Саруулбат багш нь өөртэй чинь яаж холбогдож байв?
-Багш намайг сошиалаар анх гарахад харсан байсан. Тухайн үед хүмүүс тасралтгүй “Энэ охиныг тураагаад өг” гээд юм явуулаад байсан гэсэн. Эхлэд нэг их анзаарахгүй байж байгаад ороод харсан чинь үнэхээр мундаг, сайн охин байсан учраас “Бид хоёр чамайг тураая, хүсэл мөрөөдөлд чинь хүргэе” гэж бодсон гэж хэлэхэд нь би үнэхээр их баярласан.
-Юуны дэглэм барьж, яаж турсан талаараа бидэнд хуваалцахгүй юу?
-Эмч маань надад зөвлөөд би одоо гурил, будаа, сахарын дэглэм барьж байгаа. Сахарын дэглэм гэхээр хүмүүс намайг сахартай гээд буруу ойлгоод байгаа юм. Сахарын дэглэм гэдэг нь чихэрлэг хүнс, гурил будаа гэх мэт илчлэг, нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээ болиулаад, эрүүл талаас нь турааж байгаа гэсэн үг.
Манай фитнесийн багш бол үр хүүхдээ харж байгаа аав хүн шиг л байдаг. “Миний охин яамаар байна” гээд л багш шавь шиг биш, аав, ээж, ах, дүү шиг, хэзээний танил, дотно хүн шиг гоё байдаг даа.
-Турснаас хойш өөрт мэдрэгдэж байгаа зүйл нь юу байна. Мэдээж эрүүл мэнд талаасаа илүү сайжирсан байх тийм үү?
-Би өөрөө их жинтэй. Тэгснээ нэг хөл дээрээ л ачааллаа өгдөг. Явдаг нэг хөл маань ч бас ослын улмаас авсан хугарал бэртэл ихтэй учраас тавхай маань өвдөөд хавагначихдаг байсан. Одоо бол тийм өвдөлт, зовиур байхгүй болсон. Бас өөрийгөө толинд хараад турсан байгаагаа мэдрэх хамгийн гоё байгаа.
-Тураад гоё болчихсон чинь гэрийхэн нь их баярлаж байна уу?
-Гэрийнхэн маань урьд нь намайг “Их кола ууж байна, гурил их идэж байна. Дэглэм барьж, кето хоол ид” гэж хэлдэг байсан. Тухайн үед хүмүүс намайг тарган гээд хэлэхээр цаанаасаа гомдол төрөөд уур хүрээд байдаг байсан. Тэгээд л уурлаад “Миний бие. Өвдсөн ч би өөрөө л өвдөнө” гээд уурладаг байлаа. Харин энд ирснийхээ дараагаас л ойлгож эхэлж байгаа юм. Үнэхээр кола уусны, мантуу идсэний хэрэг байдаггүй юм байна лээ шүү.
-Цаашдаа хэдэн кг жинтэй болох зорилготой байна?
-Одоо багш бид хоёр 60, 58 кг болох зорилго тавьсан. Тэгээд багш маань надад турсных нь дараа гоё хөл хийлгэж өгнө гэсэн.
-Багш нь ажлын байраар хангаж өгсөн гэсэн үү. Захиалга хэр их ирж байна?
-Тийм ээ. Багш, эмч хоёр маань намайг бас ажлын байраар хангаж өгсөн. Ард түмэн маань ч гэсэн намайг дэмжиж, маш их захиалга өгдөг болсон. “Чамаас авах гээд зөндөө их хайсан” гэж хэлэх хүмүүс ч бишгүй олон байгаа.
-Л.Саруулбат багш дээрээ турж эхлэхээс өмнө ямар нэгэн байдлаар турах оролдлого хийж байв уу?
-Өмнө нь фитнест явж үзсэн. Тэр фитнес маань ихэвчлэн гэдэсний дасгал хийлгэдэг байсан. Тухайн үед хэсэг хийгээд л больчихсон. Үр нөлөө байгаагүй болохоор тоогоогүй, бас дээрээс нь ахиж хийх хүсэл төрөөгүй. Анх Л.Саруулбат багш дээрээ ирэхдээ, “Багш аа, надад таарсан дасгал гэж байгаа болов уу, бараг жин хасаж чадахгүй байх аа” гэсэн чинь багш маань хариуд нь “чамд тохирсон дасгал гэж байхгүй. Хүн бүр хийж чадах зүйлийг чи ч гэсэн хийж чадна. Яагаад чадахгүй гэж” гээд хэлж байсан. Тэр өдрөөс хойш л дасгалаа хийж байна даа.
Багш маань ч надтай цуг дасгал хийдэг учраас би дасгалуудаа хийхдээ ядардаггүй. Бас зовдоггүй. Шантрах мэдрэмж огт төрдөггүй.
-Өөртэй тань ижил бэхшээлтэй хэрнээ би чадахгүй байх, бүтэшгүй байх гэж бодоод зориглож эхэлж ч чадалгүй гэртээ сууж байгаа хүмүүс байж магадгүй юм. Та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Над шиг хүмүүс ч бас над руу маш их холбогддог. Туръя гэсэн бодол байгаа хэрнээ фитнес дээр очоод дасгал хийе гэхээр чаддаггүй гэдэг. Ерөнхийдөө над шиг хүмүүсийн ихэнх нь тусгаарлагдчихаад, яг над шиг өөрийгөө гаргаад ирж чаддаггүй юм шиг байгаа юм. Тэр хүмүүст хандаж хэлэхэд өөрийгөө өөрчилье гэж бодож байгаа бол өөрийгөө тусгаарлах биш, чадах ядахааараа өөрийнхөө төлөө хичээгээрэй гэж хэлмээр байгаа юм. Надтай ижил тусгай хэрэгцээт хүмүүс маань өөрийгөө тусгаарлаад, над руу харах хандлага нь хэцүү байдаг гэж бодоод тэр бодолдоо өөрийгөө түгжчидэг. Битгий тийм байгааай гэж хэлмээр байна.
-Ээжийгээ тураад гоё болчихсон чинь охин нь яаж байна?
-Манай охин одоо хоёр настай. Би өөрөө ундаа уухгүй, чихэрлэг хүнс идэхгүй болохоор хүүхэд маань ч дагаад тийм болж байгаа. Би огт ундаа ундаа уухгүй, ус уугаад байхаар дагаад л ус уугаад байдаг.
-Багшийнх нь танд зориулж хэлдэг хамгийн гоё үг юу вэ гэх асуултаар хоёулаа яраигаа өндөрлөе?
-Манай багш надад “Миний охин мундаг байна. Миний охин чадаж байгаа шүү дээ” гэж их хэлдэг. Тэр үгнүүд нь үнэхээр их урам өгдөг. Дасгал хийж байх үед хүнд хэцүү байх, ядрах, өвдөх үеүүд бий. Гэхдээ би тэдгээрийг бэрхшээл гэж огт хардаггүй. Мөн багш маань надтай хэзээ ч тусгай хэрэгцээт хүн шүү, нэг хөлтэй шүү гэж харьцаж байгаагүй. Тийм хандлага ч гаргаж байгаагүй. Тэр нь надад өөртөө итгэх боломжийг олгодог. Үнэхээр их баярлалаа л гэж хэлмээр санагддаг даа. Ийм мундаг хүмүүсийн шавь болоод явж байгаадаа их талархдаг даа.