Абхазчууд  ОХУ-тай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэн жагслаа

Абхазчууд ОХУ-тай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэн жагслаа

ОХУ-тай байгуулсан хөрөнгө оруулалтын шинэ гэрээг эсэргүүцсэн жагсаал олон улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа Бүгд Найрамдах Абхаз Улсад болжээ. 

Тодруулбал баасан гаргийн үдээс хойш жагсагчид Засгийн газрын цогцолборыг бүслэн хааж, Гүржээс салан тусгаарласан тус улсын парламентын ордон руу дайран оржээ. Орой нь тус Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Аслан Бжания сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснийхээ дараа албан тушаалаасаа огцрохоос татгалзаж, “үргэлжлүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна. Мөн өөрийгөө зарлан тунхагласан Абхаз улсын парламент Оростой байгуулсан гэрээг 11 дүгээр сарын 15-ны баасан гарагт хэлэлцэх ёстой байжээ. Уг баримт бичгийг баталснаар Оросын бизнес өргөжиж, нутгийн иргэд аялал жуулчлалаас олох орлогогүй болно гэж абхазчууд болгоомжилж байгаа аж. Тус улсад эмх замбараагүй байдал  11 дүгээр сарын 12-ны мягмар гарагт сөрөг хүчний таван төлөөлөгчийг баривчилсны дараа эхэлсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжилжээ. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал баасан гарагт улам өргөжсөн байна. Абхазын парламентын хурлаар хэлэлцэх асуудлуудыг батлаагүйн улмаас хурал хойшлогдсон боловч парламентын ордны гадаа олон мянган хүн цугларч, хурлаа хийж, гэрээг эсэргүүцсэн санал өгөхийг гишүүдээс шаарджээ. Удалгүй жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн эхэлсэн байна. Жагсагчид цагдаа нар руу өндөг, шил шидэж, автомашинаар хашааг мөргөж, парламентын ордон руу нэвтрэхийг оролдсон байна. Цагдаа нар гал унтраах машинаар жагсагчдын замыг хааж зогсоохыг оролджээ. Эмх замбараагүй байдлын улмаас найман хүн эмнэлэгт хүргэгдсэний долоо нь эмнэлгээс гарсан гэж Абхазын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Жагсагчидтай хэлэлцээ хийхээр эхлээд Абхазын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга, дараа нь Дотоод хэргийн сайд Роберт Киут, Төрийн аюулгүй байдлын албаны дарга Дмитрий Кучуберия нар гарч ирсэн байна. Тэд цугласан олны шаардлагыг Ерөнхийлөгчид уламжлахаа амлажээ. А.Бжания засаг захиргааныхаа байрыг орхин явсан гэж баталгаагүй эх сурвалжууд мэдээлсэн байна.

ВИДЕО:

 

Эх сурвалж: BBC News