Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр дөрвөн сэжигтнийг хөнөөсөн гэдгээ мэдэгдсэн бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд мансууруулах бодисны эсрэг хатуу ширүүн ажиллагааг удирдаж байжээ.
Уг кампанит ажлын үеэр 6000 гаруй хүн амиа алдсан гэж Засгийн газар мэдэгдэж байна. Харин амь үрэгдэгсдийн ар гэрийнхний зүгээс "төр засаг шүүн таслах ажиллагаа явуулалгүйгээр аллага үйлдсэн" гэж буруутгажээ. Филиппиний Конгресс аллагын хэргийг шалгаж байгаа бөгөөд Р.Дутерте лхагва гарагт парламентын сонсголд хоёр дахь удаагаа оролцсон аж. Энэ үеэр тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүлэглэлийн нуувчинд нэвтэрч, дөрвөн сэжигтнийг хөнөөсөн гэж мэдүүлжээ. Р.Дутерте Олон улсын эрүүгийн шүүхийг /ОУЭШ/ “ойрын хугацаанд мөрдөн байцаалтаа эхлүүлээсэй” гэж хүсэж байгаагаа илэрхийлээд, энэ асуудал олон жилийн турш сунжран үргэлжилж байгааг нэмж хэлсэн байна. Мөн Р.Дутертегийн хэлсэн үгийн хариуд Филиппиний Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лукас Берсамин мэдэгдэхдээ, хэрэв ОУЭШ энэ асуудлыг Интерполд шилжүүлж, Дутертег эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулбал Филиппиний тал хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэлээ. Мөн ОУЭШ-ийн мөрдөгчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа Филиппиний Засгийн газар анх удаа илэрхийлээд байна.
Эх сурвалж: NHK World