"Amorphophallus titanum" гэх нэртэй дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээжээ

"Amorphophallus titanum" гэх нэртэй дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээжээ

Австралийн зүүн өмнөд нутагт орших Жилонг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд "Amorphophallus titanum" гэх дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээж олон хүний анхаарлыг татжээ.

Тодруулбал энэхүү ховор ургамал хэдэн жилд ганцхан удаа цэцэглэдэг бөгөөд цэцэг нь 48 цагийн дараа хагдардаг байна. Иймд ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа 24 цагийн турш олон нийтэд нээлттэй байлгаж байгаа бөгөөд ховор ургамлын цэцэг нь гурван метр өндөр ургадаг аж. Мөн дэлгэрсэн үедээ тоосыг нь хүртээдэг цох, ялаа зэрэг амьтдыг татахын тулд өмхий үнэр ялгаруулдаг гэнэ. "Энэ ургамал онгон байгальд устаж үгүй болохын ирмэг дээр байгаа тул ядаж л ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хамгаалж үлдэх нь маш чухал.” гэж хүрээлэнгийн захирал Али Уэсти ярилаа. Түүнчлэн “Geelong Botanic Gardens” хүрээлэнгээс мэдээлснээр, өдөрт 10 см-ээр томордог цоморлог нь гарч ирснээс хойш уг цэцгийг харахаар өдөрт 4 мянга гаруй хүн ирсэн байна. Уг ховор ургамал болох “Amorphophallus titanum” нь 1878 онд Баруун Суматрагаас олдсон халуун орны аварга том ургамал бөгөөд цэцэг нь дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд зэрлэг байгальд 3.66 м өндөр ургадаг бол таримал нь арай жижиг буюу 1.83-аас 2.44 метр өндөр болж ургадаг байна.