Маргааш буюу энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарйн 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.