Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ

Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ

Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал хураалтаас өмнө огцорлоо. Танхимын сайд нар өнөө өглөө засгийн газрын хуралдаан дээр огцрох өргөдлөө бөөнөөр нь өргөн мэдүүлэв.

Японы бүх нийтийн сонгууль аравдугаар сарын 27-нд болж, Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа хүчирхэг доод танхим дахь парламентын олонх байдлаа алдсан билээ. Тиймээс тус улсын дараагийн ерөнхий сайдыг сонгох санал хураалт өнөөдөр дахин болох гэж байна. Энэ санал хураалтад Либерал ардчилсан намаас Шигэрү Ишиба, сөрөг хүчний Үндсэн хуульт Ардчилсан намын дарга Ёшихико Нода нар өрсөлдөх төлөвтэй байна.

Бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам олонх болоогүй ч гэлээ өнөөдрийн санал хураалтаар Ишиба дахин ялах магадлал өндөр. Ишиба ерөнхий сайд болвол танхимаа дахин бүрдүүлж, зарим шинэ сайдыг бүрэлдэхүүндээ нэмэх төлөвтэй байна.