АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг Д.Трамп тэргүүлж байгаа бөгөөд К.Харрис ялахын тулд гурван мужид ялалт байгуулах шаардлагатай байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг Д.Трамп тэргүүлж байгаа бөгөөд К.Харрис ялахын тулд гурван мужид ялалт байгуулах шаардлагатай байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг тоолох шат үргэлжилж байна. Тодруулбал, "Жоржиа" мужид саналын 77 хувийг тоолж дууссан бөгөөд урьдчилсан дүнгээр К.Харрис 47.1 хувийн санал авсан бол Д.Трамп 52.2 хувийн саналаар тэргүүлж байна. 

Харин Хойд Каролина мужийн нийт саналын 55 хувийг тоолж дууссан ба Д.Трамп 51 хувь, К.Харрис 47.9 хувийн саналыг аваад байгаа аж. Энэхүү хоёр мужид Д.Трамп тэргүүлж байгаа бөгөөд К.Харрис ялахын тулд хойд зүгийн гурван муж болох Висконсин, Мичиган, Пенсильвани мужуудад бүгдэд нь ялах шаардлагатай бөгөөд энэ нь амаргүй ажил гэдгийг судлаачид тодорхойлж байна.

Учир нь Висконсин мужид нийт сонгогчдын 35 хувийн санал тоологдсон бөгөөд нэр дэвшигчдийн хоорондын зөрүү хамгийн бага буюу Д.Трамп - 49.6 хувь, К.Харрис - 48.8 хувийн санал аваад байгаа аж. Мөн Мичиган мужийн иргэд нийт саналын 17 хувийг тоолсон бөгөөд урьдчилсан мэдээгээр К.Харрис 51 хувь, Д.Трамп - 47.2 хувийн санал аваад байгаа аж. Мөн Пенсильвани мужид нийт саналын 45 хувийг тоолоод байгаа бөгөөд К.Харрис 49.7 хувийн санал авсан бол Д.Трамп - 49.3 хувийн санал авсан байна.

Эх сурвалж: BBC