Испанид үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 158-д хүрчээ

Испанид үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 158-д хүрчээ

Испани улсад мягмар гаригт /2024.10.29/ сүүлийн 30 гаруй жил тохиогоогүй том үер буусны улмаас амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 158-д хүрчээ.

Үер буусан Валенсиа мужид лхагва гарагт 150 мянга гаруй хүн тог цахилгаангүй болсон ч пүрэв гаригт тал хувь нь хэвийн байдалдаа эргэн оржээ. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчез үерийн улмаас амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, орон даяар гурван өдрийн турш гашуудал зарласан байна.

Аадар бороо пүрэв гарагт ч зарим нутгаар үргэлжлэн орж байсан тул иргэдийг гэрээсээ гаралгүй, албаны хүмүүсийн заавар зөвлөгөөг сайтар дагахыг анхааруулжээ. Үүний зэрэгцээ эмх замбараагүй байдлыг ашиглан дэлгүүр хоршоо дээрэмдэж, хулгай хийх гэсэн тохиолдол ч гарсан байна.

Түүнчлэн Испанийн үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Валенсиа мужийн Чива хотод найман цагийн дотор өмнө 20 сарын хугацаанд орсноос илүү их бороо оржээ. Испанийн Газар дундын тэнгисийн эрэг нь үерийн эрсдэлтэй байдаг ч энэ удаагийн үер сүүлийн жилүүдэд тохиогоогүй хамгийн хүчтэй нь байжээ. Тус улс сүүлийн хоёр жил ган гачигт нэрвэгдсэн тул  гэнэт орсон хүчтэй бороог газрын хөрс шингээж дийлээгүй аж.