Дэд сайд, дэд даргын албан тушаалыг сэргээхийн тулд "Хэмнэлтийн хууль"-ийг хүчингүй болгож, "Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль"-ийг Л.Гантөмөр боловсруулжээ

Дэд сайд, дэд даргын албан тушаалыг сэргээхийн тулд "Хэмнэлтийн хууль"-ийг хүчингүй болгож, "Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль"-ийг Л.Гантөмөр боловсруулжээ

Тун удахгүй буюу 2025 оны төсвийн төслийг баталсны дараа хуучин дэд сайд нарын ажиллаж байсан албан тушаалд нэр бүхий хүмүүсийг томилно.

-НЭГ САЙД ХОЁР Ч АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДТАЙ БАЙЖ БОЛОХ БӨГӨӨД УГ АЛБАН ТУШААЛД 30 ОРЧИМ ХҮНИЙГ ТОМИЛЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Ингэхдээ “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд”-ын аль нэгээр нь нэрлэх аж. Өнгөрсөн долдугаар сард Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, анхны хурлаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 16 дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд сайдгүй ажиллах бодлого барьж буйгаа мэдэгдээд  “Сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын дунд ажил хийх, шийдвэр гаргах эрхгүй, санхүүгийн ч мэдэлгүй албан тушаал учраас дэд сайдгүй ажиллах нь зөв" гэсэн байр, суурийг илэрхийлсэн юм.

Дэд сайд бол сонгуульд нэр дэвшээгүй, нэр дэвшээд ялагдсан намын нөхдөө албан тушаалд тавихын тулд бодож олсон мест.Гэтэл АН-ынхан “Дэд сайдтай болъё, албан тушаалынх нь нэрийг өөрчилж байгаад томилъё” гэж Ерөнхий сайдтай тохирч, улс төр дэхь бүх тохироог өөрсдөө гардан хийж байгаа гэх.

Учир нь АН-д найман жилийн турш гудамжинд "лааз өшиглөсөн" өчнөөн хүн бий бөгөөд одоогоор 250 орчим хүн анкетаа өгчхөөд аль нэг ажилд томилогдохоо хүлээж байгаа гэх. МАН-д мөн ялгаагүй олон хүн ажилгүй харзнасан, горьдсон байдалтай байна. Тэгэхээр энэ хүмүүсээ ажил, амьдралтай залгуулахын тулд дэд сайдын албан тушаалыг сэргээхээс өөр аргагүй болжээ.

Улмаар эрхэлсэн сайдууд нь салбарын чиглэл хариуцсан мөн төсвийн эрх мэдэлтэй байна гэж буй.

Тухайлбал, Боловсролын сайд П.Наранбаяр нэг орлогч сайдтай байх бол Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Иргэний нисэх хариуцсан орлогч сайд, Зам тээвэр хариуцсан орлогч сайд гээд чиглэл тус бүрийг эрхэлсэн сайдтай байх хувилбарыг ярьж байгаа.  Энэ хувилбараар явсан тохиолдолд Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай байх бөгөөд тус албан тушаалтнуудын 50 хувийг УИХ-ын гишүүдээс 50 хувийг гаднаас томилохоор яригдаж байгаа. Энэ нь Үндсэн хуулийг зөрчих, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч дэмжихгүй байж магадгүй байгаа аж. Учир нь тэрбээр, “УИХ-ын гишүүдээс орлогч сайд нарыг томилох нь парламентын хяналтыг сулруулах талтай” хэмээн үзэж байх талтай.  Нөгөө талаар Үндсэн хуулийн 29.1-д “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 39.4-д “… Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Харин “Эрхэлсэн сайд”-ыг Засгийн газрын гишүүн гэж үзэхгүй бөгөөд тус албан тушаалд томилогдох эрхэм УИХ-д тангарагч өргөх хуулийн ямар ч боломжгүй. Иймд орлогч сайдын албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж болзошгүй байгаа юм.  

-ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИНД ДЭД САЙД, ДЭД ДАРГАТАЙ АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОСОН УЧИР ХҮЧИНГҮЙ БОЛГОНО-

Дэд сайд, дэд дарга нарыг томилох мэдээлэл нь хэмнэлт, үрэлгэн зардал, шаардлагагүй албан тушаалыг танаж, хасахыг үргэлж шаардаж буй иргэдийн зэвүү, дургүйг хүргэх нь тодорхой. Тиймээс иргэдээс ирэх “гал”-ыг АН-ынхан дааж гарах тохироог ч хийсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан "Та нар өөрсдөө эрсдэлээ үүрээрэй" гэж хэлсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл ганц дэд сайд нарыг томилоод өнгөрөх бус дагалдуулж хуулийн төслийг нь хүртэл боловсруулж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож, оронд нь “Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль”-ийг боловсруулан өргөн барихаар бэлдэж эхэлжээ.

Энэ хуулийн төсөл Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дээр зангигдаж байна. Хүчингүй болгох гэж буй Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно, 6.1. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно,  6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно, 9.3. Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг албан томилолтоор ажиллуулсан байгууллага төсөвлөж олгосон тохиолдолд энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтнаар төлүүлэхийг хориглоно гэсэн заалтууд бий. Эдгээр заалтыг бүгдийг "Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль"-нд хориглохгүй болгож оруулж ирэн удахгүй томилох “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд”, дэд дарга нарын саадгүй ажиллах замыг засч байна. Өөрөөр хэлбэл, дэд сайдтай байхыг хуулиар нээж, тэднийг эрх мэдэл, унаа тэрэг, өрөө тасалгаатай болгох хуулийг "Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль"-иар зохицуулах нь.  




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө