Цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс, хялгасан хорхойн шинжилгээ авахгүй болсон талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд "Эрүүл мэндийн яам Боловсролын яаманд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн хүүхдүүдээс хичээл эхлэхээс өмнө цагаан хорхой, шээсний шинжилгээ авах нь ач холбогдолтой биш гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Тус шинжилгээг хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа эсхүл өглөө бие засахаас нь өмнө гурван өдөр дараалан авсны дараа тодорхойлох нь илүү үр дүнтэй байдаг.Учир нь хүүхэд унтаж, хөдөлгөөнгүй болсон үед хялгасан хорхой биеэс гадагшилдаг. Иймд энэ үед нь сорьц, дээж авахад шинжилгээний хариу 90-95 хувь бодит гардаг. Харин хүүхдээ дагуулаад эмнэлэгт өгч байгаа шинжилгээ нь хуурамч гарах тохиолдол өндөр. Энэ нь хялгасан хорхойн халдвар дамжих эрсдэлийг үүсгэдэг. Иймд эдгээр шинжилгээг цэцэрлэгт суурилсан хэлбэрээр буюу хүүхэд цэцэрлэгтээ хамрагдаж байх хугацаанд нь тандалт хийх замаар хяналтад авч, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.