ОХУ-ын иргэн Андрей Ожаровск нь Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь "Зөөвч-Овоо" орд мөн Дорнод аймгийн "Мардай" ордод очин цацрагийн хэмжилт хийж иргэдийн бухимдлыг төрүүлсэн.
Тэгвэл жуулчны визээр Монголд нэвтэрсэн атлаа бусдын захиалгаар дээрх ордуудад ураны цацрагийг хэмжиж цаашлаад худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй тус иргэний үйлдлийг манай улсын холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.
Тодруулбал, түүнийг Дорнод аймагт явж байхад нь Эрээнцав боомтын алба хаагчид саатуулан шалгасан байна. Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад, “ ОХУ-ын иргэн Андрей Ожаровскийг шалгаж байна. Бичиг баримт, гаргасан үйлдэл зэрэгт шалгалт хийнэ” гэв. Харин Оросын зарим хэвлэлд “ Наймдугаар сарын 19-ний мягмар гарагт ОХУ-ын цөмийн физикч Андрей Ожаровскийг Монголын хууль сахиулах байгууллагынхан баривчилжээ. Мардайн ордын орчимд орхигдсон ураны карьеруудад хайгуул хийж байх үед дээрх хэрэг гарсан байна” гэсэн байна.
Францтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг гацаах зорилготой "Ураны эсрэг монголчууд" нэртэй хөдөлгөөнийг хэсэг бүлэг хүмүүс үүсгэн байгуулж ажиллаж байгаа. Тэд энэ удаа Андрей Ожаровсктэй хамтран ажилласан нь энэ аж. Гэхдээ тэдний үйлдэл нь Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслийг гацаасан өмнөх түүхтэй ижил төстэй байгаа юм. Харин Андрей Ожаровск нь ОХУ-ын атомын энергийн төрийн корпораци РосАтомыг гутаасан гэж 2022 онд буруутгаж байжээ. Тэрбээр дээрх үйлдлээсээ болж Беларус улсад удаа дараа баривчлагдан, 10 жилийн хугацаагаар тус улс руу нэвтрэх эрхээ хязгаарлуулсан нэгэн байна.