Чикагогийн барааны биржийн (CME) 10 дугаар сарын 30-ны лхагва гаргийн арилжааны явцад 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 0.7 хувиар өсөж, нэг унц нь 2800.5 ам.долларт хүрчээ.
Тодруулбал алтны зах зээл дэх үнийн шинэ дээд үзүүлэлтүүд нь АНУ-ын сонгуулийн үр дүн тодорхойгүй байгаа, Ойрх Дорнод дахь цэргийн мөргөлдөөн хурцадсанаас үүдэлтэй болгоомжлол хэвээр байгаа энэ үед аюулгүй хөрөнгийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Алтны зах зээлийн өсөлтөд АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх болгоомжлол, хэрэглээний үнэ сэргэнэ гэсэн хүлээлт, түүнчлэн Энэтхэг, Хятад, Турк зэрэг хэд хэдэн орны Төв банкнууд валютын нөөцөө төрөлжүүлэх зорилгоор алт худалдан авч байгаа нь нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.