Испанид болсон үерийн улмаас 95 хүн амь үрэгджээ

Испанид болсон үерийн улмаас 95 хүн амь үрэгджээ

Испанийн зүүн болон өмнөд нутагт аравдугаар сарын 30-ны лхагва гарагийн орой сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 95-д хүрсэн аж.

Тодруулбал орон нутгийн 19:00 цагийн байдлаар үерийн улмаас Валенсия мужид 92 хүн, Малага мужид нэг, Кастилья-Ла Манчад хоёр хүн амиа алдсан байна. Тус улсын газар нутгийн бодлогын сайд Анхель Виктор Торрес байгалийн гамшигтай холбогдуулан 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлаж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад төрийн болон Европын сангаас "шаардлагатай бүх тусламжийг" үзүүлэхээ амлажээ. Мөн хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас Валенсия мужийн 155 мянган өрх цахилгаангүй болсон гэж цахилгаан нийлүүлэгч “Ибердрола” компани мэдэгдсэн байна. Мөн авто зам, агаарын болон төмөр замын харилцаа саатсан байна. Валенсия мужийн олон арван оршин суугч автомашин, дэлгүүр, шатахуун түгээх станцуудын дээвэр дээр хоног төөрүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Герман болон Европын Холбооны эрх баригчид Испани улсад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин Европын Холбоо Испанийн аврагчдад туслахын тулд "Коперник" хиймэл дагуулын системийн үйлчилгээг үзүүлж байгааг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 

ВИДЕО:

Эх сурвалж: On Demand News