Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Р.Буанган "Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн" тухайгаа жиргэжээ

Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Р.Буанган "Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн" тухайгаа жиргэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө тав хоногийн хугацаа үлдээд буй энэ үед тус улсын 40 сая гаруй иргэн саналаа урьдчилж өгөөд байгаа аж. Тодруулбал, АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. 

“RealClearPolitics” улс төрийн судалгааны төвийн санал асуулгуудын дүнгээр хоёр нэр дэвшигчдийн рейтинг тун ойролцоо яваа бөгөөд сонгуулийн дүн хаашаа ч эргэж болзошгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган сонгуулийн саяхан өгсөн байна. Манай улсад оршин суугаа АНУ-ын иргэдийн саналыг тус улс руу шуудангаар илгээх ажээ. 

Энэ талаар Элчин сайд Ричард Буанган өөрийн твиттер хуудастаа, "Өнөөдөр саналаа өгөх иргэний үүргээ биелүүлж байгаадаа бахархаж байна. Надтай адил гадаадад амьдарч буй Америкчууд саналаа 11-р сарын 5-ны Мягмар гарагт болох Сонгуулийн өдөрт багтан АНУ руу шуудангаар илгээж болох юм. Удахгүй хилийн чанадаас хэрхэн саналаа өгөх тухай тайлбарласан видеог хүргэх болно" хэмээн жиргэжээ.