НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс  Израил, Иранд тэвчээртэй байхыг уриалжээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Израил, Иранд тэвчээртэй байхыг уриалжээ

Израилын талаас Иранд цохилт өгсний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд даваа гарагт Израил, Иран улсуудад хандан харилцан цохилт өгөхөө зогсоохыг уриалжээ.

Тодруулбал “Бүх тал хүлээц тэвчээртэй байх ёстой. Нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед гал дээр тос нэмэх нь ямар ч ашиггүй” гэж Их Британийн Элчин сайд Барбара Вудворд хэлжээ. Өнгөрсөн бямба гаргийн үүрээр Израилаас Ираны гурван муж дахь пуужингийн үйлдвэрүүдэд цохилт өгсний дараа тус улсын Гадаад хэргийн сайд Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүссэн байна. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн Алжир, Хятад, Орос улс Техраны хүсэлтийг дэмжсэн аж.Израилын тал Газын зурвас, Ливанд ХАМАС, “Хезболла” бүлэглэлүүдтэй дайтаж буй үед Иранаас Израил руу 200 орчим баллистик пуужин харваснаас долоо хоногийн дараа Израил дээрх цохилтыг өгсөн байна. Мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ням гарагт мэдэгдэхдээ, уг цохилтын үеэр Ираны батлан ​​хамгаалах чадавх, пуужин үйлдвэрлэх хүчин чадалд хохирол учруулах зорилгодоо хүрсэн гэжээ. НҮБ-ын дэргэд суугаа Израилын Байнгын төлөөлөгч хэлэхдээ, Израилын хариу арга хэмжээ нь “нарийн бодож тооцоолсон, тохирсон” байсан ба гэхдээ дахин өдөөн хатгавал үр дагавар нь хатуу байхыг анхааруулсан байна. Ираны Байнгын төлөөлөгчийн хувьд Израилыг олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын Дүрмийг зөрчсөн гэж буруутгаад, Вашингтоны дэмжлэг тус улсыг хөрш орнууд руугаа дайрах зориг өгсөн гэж мэдэгджээ. Тэрбээр хатуу хариу арга хэмжээ авч, Израилын үйлдлийг буруушаахыг Аюулгүйн Зөвлөлд уриалсан байна.