Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг серби хэлээр хэвлэжээ. Зохиолч энэхүү номоо 2010 онд уншигчдадаа хүргэсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард франц хэлээр хэвлэгдээд байсан. Тэгвэл ийнхүү Серби хэлээр номоо хэвлэж, нээлтийг энэ сарын 25-нд хийснээ Г.Аюурзана зохиолч өөрийн цахим хуудастаа мэдээллээ.
Тэрбээр, "Иво Андричийн “Дрина голын гүүр” роман, “Үдийн халуун” нэрээр гарсан Югославын зохиолчдын өгүүллэгийн түүврийг багадаа уншиж, Милорад Павичийн зохиолоос залуудаа орчуулж, Эмир Кустурицагийн кинонуудаар шидэт реализмын шинэ давалгааг гадарлах болсны хувьд “Бөөгийн домог” роман серб хэлээр гарсан нь амьдралд минь тохиосон нэгэн чухаг үйл явдал юм уу даа. Номын минь нээлт Белградын Олон улсын Номын Яармагийн гол асар “Иво Андричийн танхим”-д энэ сарын 25-нд боллоо. Belgrade Book Fair нь Балканы бүс нутаг дахь хамгийн эртний (67 жилийн уламжлалтай), хамгийн том соёлын арга хэмжээ аж. Сербээр хэвлэгдсэн ном Хорват, Черногор, Босна-Хэрцэговина, Словени, Умард Македон улсуудад буюу 20 сая хүний орон зайд уншигдах боломжтой хэмээн яармаг зохион байгуулагчид ярьж байна билээ. Номыг минь асар богино хугацаанд орчуулсан, Сербийн нэрт орчуулагч Людмила Ёксимович, орчуулгын редактор Миряна Грбич нартаа гүнээ талархаж байна. Үнэхээр сайхан орчуулсныг нь олон уншигчийн ярианаас мэдрэв. Достоевский судлалын дэлхийн шилдэг эрдэмтэн, философич Владимир Меденицагийн удирддаг “Логос” хэвлэлийн газар “Бөөгийн домог”-ийг хатуу хавтастай, супер ороолттой, тансаг сайхан хэвлэжээ. Харах бүртээ сэтгэл баяснам. Монголын орчин цагийн утга зохиолыг Сербид таниулах амаргүй үйлсийг санаачлан сэдэж бүхий л сэтгэлээрээ зүтгэсэн, бүхэл бүтэн ЭСЯ-ны хэмжээний ажлыг ганцаараа амжилттай гүйцэлдүүлсэн, Серб дэх Монгол Улсын өргөмжит консул Владимир Столович анддаа маш их баярлалаа" гэсэн байна.