Өнгөрсөн бямба гарагт Гүрж улсад болсон парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг эсэргүүцэн тус улсын олон арван мянган иргэн жагсаж, сонгуулийн дүнг Оросын тусламжтайгаар луйвардсан хэмээн мэдэгдсэн аж.
Тодруулбал Гүрж улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсэх зорилгоос холдуулж, Оросын хүрээлэлд эргэн оруулж байна хэмээн сөрөг хүчнийхний зүгээс эрх баригч намыг олон сарын турш буруутгаж ирсэн гэнэ. Гүрж улсын сонгуулийн хорооноос зарласан дүнгээр эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 54 орчим хувийн санал авсан бол барууныг дэмжигч сөрөг хүчний дөрвөн эвсэл 38 орчим хувийн санал авсан байна. Гүржийн нийслэл Тбилиси хот дахь парламентын ордны гадна олон арван мянган жагсагч Гүрж болон ЕХ-ны далбааг намируулсан бөгөөд Барууныг дэмжигч Ерөнхийлөгч Саломе Зурабишвилиг жагсаалын үеэр үг хэлэхийн өмнө жагсагчид Гүржийн төрийн дууллыг дуулсан байна. Энэ үеэр С.Зурабишвили “Та бүхний саналыг хулгайлж луйвардсан, гэхдээ бидний ирээдүйг хулгайлахыг бид хэнбугайд ч зөвшөөрөхгүй. Бидний байх ёстой Европыг чиглэсэн замд эцсээ хүртэл та бүгдтэй хамт байхаа тангараглая” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, сонгуулийг Оростой холбоотой нарийн боловсронгуй аргыг ашиглан луйвардсан байж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. АНУ, Герман, Франц улсууд, ЕХ мөн бямба гарагт болсон санал хураалтын үеэр гарсан “зөрчил”-ийг зэмлэн буруушаасан байна. Харин Москвагийн зүгээс сонгуулийг луйвардсан, хөндлөнгөөс оролцсон гэх мэдэгдлийг няцаажээ.
ВИДЕО: