МХҮХ: Энэ жилийн сонгуулийн брайль саналын хуудас хүртээмжгүй, харааны бэрхшээлтэй хүн тэмтэрч унших боломжгүй байсан

МХҮХ: Энэ жилийн сонгуулийн брайль саналын хуудас хүртээмжгүй, харааны бэрхшээлтэй хүн тэмтэрч унших боломжгүй байсан

Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос манай улсын харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар өнөөдөр /2024.10.14/ мэдээлэл хийлээ.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дараах зүйлсийг онцоллоо. Тухайлбал хашлага давах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай тохиолдол маш их бөгөөд стандартын дагуу зам тавьдаггүй, тавьсан байлаа гэхэд дээр нь машин, гэрлийн шон байрлуулчихдаг гэсэн юм. Мөн цаашлаад ирж буй автобусыг мэдэх боломжгүй тул зарладаг байвал зүгээр хэмээлээ. Харин боловсролын талаар яривал Монгол Улсад хараагүй хүүхдүүд гэртэйгээ ойрхон суралцах боломж нь өдийг хүртэл бий болж чадаагүй байна. Сонгуулийн хувьд 2013 оноос хойш брайль саналын хуудсыг хэвлэн гаргаж харааны бэрхшээлтэй иргэд бие даан сонгууль өгөх эрхээ эдэлж ирсэн ч харамсалтай нь энэ жилийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар хараагүй хүмүүсийн бусдын тусламжгүйгээр хараат бусаар бие даан сонгууль өгөх эрх нь зөрчигдөөд байна.

Тодруулбал энэ жилийн сонгуулиудаар брайль саналын хуудас нь хүртээмжгүй бөгөөд  харааны бэрхшээлтэй хүн тэмтэрч унших боломжгүй байсан аж. Мөн УИХ-ын сонгуулийн дараа энэ тухай гомдол гаргасан ч хариу ирээгүй байна. Харин Орон нутгийн сонгуульд сайжруулах болов уу гэж харсан ч Сонгуулийн ерөнхий хороо үүнд анхаарч ажиллаагүй аж. Хэрэв энэ нөхцөл байдлыг олон улсын байгууллагад хандах юм бол энэ жилийн сонгуулиуд хүчингүй болох ч үндэслэлтэй гэлээ. Мөн хараагүй хүн сул болон бүрэн хараатай гэсэн хоёр янз байдаг бөгөөд сул хараатай хүн сонгуулиа өгөх гэж очоод "Бидэнд зориулсан брайль саналын хуудас хаана байна" гэхэд тухайн сонгуулийн хэсгийн хорооны ажилтан томруулдаг шил ашиглаж саналаа өгөх шахалтыг өгсөн байна. Томруулдаг шил ашиглаад ч энгийн хүнд зориулагдсан сонгуулийн хуудсыг харж чадахгүй хүн байж болно. Тийм учраас брайль саналын хуудсаар саналаа өгөх бүрэн нөхцөлөөр нь хангасан байх ёстой юм" гэв.

Мөн Ц.Батбаатар захирал өөрийн цахим хуудсаараа харааны бэрхшээлтэй хүмүүсийн замыг засаж сайжруулахад аж ахуйн нэгж, компаниуд нэгдээрэй гэх хандив цуглуулсан шууд бичлэг хийсэн аж. Үүнээс сарын дараа "UB group"-н хамт олон харааны бэрхшээлтэй иргэдийн амьдарч буй орчин тойрныг сайжруулъя, замыг засъя гэх амлалтыг өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдөр харааны бэрхшээлтэй 300, 400 хүн цугласан танхимд өгсөн байна. Тэгвэл 500 орчим сая төгрөгийн ажил хийнэ гэсэн амлалт өгсөн ч өнөөдрийг хүртэл уг амлалтдаа хүрээгүй байна. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 15-ны өдөр бид Ц.Батбаатар захиралтай уг асуудлаар холбогдоход "Ер нь хийж өгөх албатай юм уу?" гэх хариуг өгсөн аж. Мөн Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уг холбооноос хүмүүсийн нүдийг боон, таяг бариулан автобусны буудлаас автобусаа олж сууж чадах үгүйг харуулах акц Сүхбаатарын талбайд зохион байгуулах ажээ.