Далайд гарцгүй Туркменистан далайд гарцгүй Монголыг ОХУ-ын барьсан, мэдэлд нь байдаг Каспи-Хар тэнгисийг холбосон “Волга-Дон” сувгаар далайд гарахыг санал болгожээ

Далайд гарцгүй Туркменистан далайд гарцгүй Монголыг ОХУ-ын барьсан, мэдэлд нь байдаг Каспи-Хар тэнгисийг холбосон “Волга-Дон” сувгаар далайд гарахыг санал болгожээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистанд хийсэн айлчлалын үеэр хоёр улс агаарын харилцаа, авто тээвэр, хөдөө аж ахуй, худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг байгуулж, мөн анх удаа Монгол Улс, Туркменистаны бизнесийн форум болжээ. 

-КАСПИЙН ТЭНГИСИЙГ АШИГЛАН ДАЛАЙД ГАРАХЫГ МОНГОЛД САНАЛ БОЛГОВ-

Туркменистан нь хивсний орон гэдэг бөгөөд хивсний түүхий эд болох ноосыг манайхаас авах ажил нь “Цагаан алт хөтөлбөр”-тэй уялдах шаардлагатай талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Ингэснээр тус улстай хөдөө аж ахуй, нэхмэл ээрмэлийн чиглэлд хамтран ажиллах боломж нээгдэж байгаа аж. Туркменистан нь нефть, газын бүтээгдэхүүний экспортолдог орон бөгөөд тус улсын Ерөнхийлөгч “манай улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж болно” гэдгээ илэрхийлсэн талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр мэдээлэл өгчээ.

Монгол Улс, Туркменистан улс хоёулаа далайд гарцгүй орон. Гэтэл айлчлалын үеэр “Монгол Улсыг Каспийн тэнгистэй холбож далайд гарцтай болгож өгье” гэж Туркменистаны тал мэдэгдэж.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгыг газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр өөрийн facebook хуудастаа, “Туркменистан улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов Монгол улс далайд гарах гарц хайж байгаа. Каспийн тэнгисийг ашиглан дэлхийн зах зээл рүү гарахад манай улсын боомт том түшиц болох боломжтой” гэлээ хэмээн бичээд олон хүний шүүмжлэлд өртөв. Учир нь зарим иргэд түүний мэдээллийг шүүмжилж, “Каспийн тэнгис нь манай Хөвсгөл шиг нуур” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

-КАСПИЙН ТЭНГИС, ХАР ТЭНГИСИЙГ ХОЛБОСОН ХОЁР СУВГИЙГ ОРОСУУД БАРЬЖЭЭ-

Тэгвэл “Каспийн тэнгис” нь эх газар дундын буюу битүү хамгийн том нуур /тэнгис/ ажээ. Тодруулбал, Каспийн тэнгисийн хойд, зүүн хойд талд Казахстан улс 1,422 км-ийн эргээр хиллэдэг бол, зүүн талд Туркменистан 1,035 км, урд талд Иран 728 км, баруун өмнө талд Азербайжан 813 км, баруун хойд талд Орос 747 км-ээр хиллэж эрэг дээр нь таван улс оршдог байна. Харин Каспийн тэнгис нь эрт цагт холбоотой байсан нь геологийн судалгаа, палентеологийн олдворуудаар нотлогддог тул “тэнгис” гэж нэрлэдэг байна.

Харин Кумо-Маныч болон Волга-Дон гэсэн голуудаар хоёр суваг татаж “Каспийн тэнгис”-ийг Хар тэнгистэй холбох ажил хийжээ.

Тодруулбал, "Кумо-Маныч" сувгийг Оросын тал 1965 онд барьж дууссан аж. Харин Кума голыг Маныч голтой холбож Каспийн тэнгисийн чиглэлд урсгасан ч далайд хүрэх замдаа ширгэж, ус нь гүехэн тогтсон бөгөөд сувгийг голчлон усжуулалт, усан хангамжийн зориулалтаар ашиглаж байжээ. 

Харин "Волга-Дон" суваг нь өдгөө ОХУ-ыг Каспийн тэнгис, Хар тэнгисийг хооронд нь усан онгоцоор холбодог байна. "Волга-Дон" сувгийн барилгын ажил анх II дайны өмнө эхэлж байсан ч дайны улмаас түр зогсож байжээ. Харин "Волга-Дон" суваг барих ажлыг 1948 онд дахин үргэлжлүүлж 1952 оны 6 дугаар сарын 1-нд суваг нээжээ. Иймд хуучнаар Зөвлөлт Холбоот Улс Каспи-Хар тэнгисийг холбосон суваг татсан гэж тэмдэглэдэг байна. Тухайн “Каспийн тэнгис”-ийг Хар далайтай холбосон сувгийн байгууламжийг 900 мянга орчим хүмүүс оролцож, тэдний 100 мянга нь Германы олзны цэрэг, 100 мянган хоригдлууд барьсан гэх бөгөөд сувгийн барилгын талбайд өнгөрүүлсэн нэг өдрийг шоронгийн гурван хоногтой нь дүйцүүлэн тооцдог байсан нь хоригдлуудыг ажиллуулахад түлхэц өгсөн гэж тэмдэглэжээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Каспийн тэнгисийг Хар тэнгистэй холбож буй Волга-Дон суваг

Харин 2007-2008 онд Оросын эрх баригчид Каспийн сав газар болон Хар тэнгисийн хоорондох усан замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр "Волга-Дон 2" гэсэн төслийг эхлүүлжээ. "Волга-Дон 2" сувгийн гол үйлчлүүлэгч болох Казахстан улс бөгөөд тухайн үед ус нь гүехэн боловч одоо байгаа "Кумо-Манич" сувгийг сэргээх асуудал ч яригдаж байжээ. 

Товчхондоо, далайд гарцгүй Туркменистаны далайд гарцгүй Монгол Улсад санал болгоод буй далайн гарц нь “Каспийн тэнгис”-ээр дамжин Азовын тэнгис, Хар тэнгис, Газар дундын тэнгист дамжин хүрдэг оросуудын барьсан, тэдний мэдэлд байдаг “Волга-Дон” нэртэй усан зам юм. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР КАСПИЙН ТЭНГИС, КАВКАЗЫН ОРНЫ ТЭРГҮҮНҮҮД ТУРКМЕНИСТАНД ЧУУЛЖЭЭ-

Хачирхалтай нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркменистанд айлчлал хийх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсад хүрэлцэн очсон байгаа юм. Энэ үеэр Туркменистанд “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” форум болж тус арга хэмжээнд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Ирак, Турк гэсэн улс орнууд оролцсон байгаа. Энэхүү арга хэмжээнд оролцсон Орос, Азербайжан, Иран, Казахстан Туркменистан гэсэн таван орныг Каспийн тэнгисийн эрх зүйн конвенцод нэгдэн орсон орнууд гэдэг.

ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэлжээ

Харин Кавказын орнууд болох Армен, Азербайжан, Гүрж гэсэн орнуудыг Орос улс өөрийн мэдэлд байлгаж, НАТО-ын хамгаалалтын гол стратеги гэж үздэг гэдэг. Сонирхуулахад, кавказ нь Хар тэнгис, Каспийн тэнгисийн хооронд, тив дамнасан бүс нутаг бөгөөд Армени, Азербайжан, Гүрж, мөн Оросын өмнөд хэсгийн зарим хэсгийг бүрдүүлдэг байна.

Каспийн тэнгис, Кавказын орнуудын тэргүүнүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Туркменистан улсад уулзжээ




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө