Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын манай улсад хийх айлчлалаар нислэгийн тоог нэмэх, хоёр улс хооронд хурдны зам барих зэрэг асуудлыг хэлэлцэнэ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын манай улсад хийх айлчлалаар нислэгийн тоог нэмэх, хоёр улс хооронд хурдны зам барих зэрэг асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ирэх сард /2024.10/ манай улсад өндөр дээд түвшний айлчлалыг хийх талаар бид өмнө нь мэдээлсэн. 

-КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫГ 2021 ОНООС ХОЙШ МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ УРЬСАН БАЙДАГ-

Сануулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2021 оны аравдугаар сарын 13-ны өдөр Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай Казахстанд уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  урилгыг дамжуулсан. Үүний дараа буюу 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцох үеэрээ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр Касым-Жомарт Токаев нь Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөснөө хариу илэрхийлсэн юм. Эдгээрээс гадна өнгөрсөн долдугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч мөн уулзаж олон асуудлаар санал солилцсоны нэг нь дээрх айлчлал байв. Тодруулбал, эл уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь манай улсад ойрын хугацаанд айлчилна гэдгээ илэрхийлсэн. Энэ дагуу тэрбээр ирэх сард Монголд айлчлах нь. 

Талууд энэхүү айлчлалаар хоёр орны харилцаанд  шинэ хуудсыг нээх эхлэлийг тавина хэмээн тодорхойлж байна.

-АЙЛЧЛАЛААР ТАЛУУД ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ НЭГ ШАТ АХИУЛЖ ӨРГӨТГӨСӨН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААНД ХҮРГЭХ ҮҮ-

Одоогоор манай улс нь Казахстан улстай өргөн хүрээний түншлэлийн харилцаатай. Тэгэхээр энэхүү айлчлалаар хоёр улсын харилцааг өргөн хүрээний түншлэлээс ахиулж, өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэж магадгүй байна. Манай хоёр улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Харин 1997 оны тавдугаар сард Улаанбаатар хотод  Казахстан улсын Дипломат төлөөлөгчийн газар нээгдэж, 2007 онд Элчин сайдын яам болон байгуулагдсан түүхтэй. Харин Алматы хотод 1992 оны есдүгээр сард Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Казахстан Улсад айлчилж, 1999 онд Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад хариу айлчлал хийснээр хоёр талт харилцаанд шинэ түлхэц өгсөн байна.

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нь өмнө нь Монголд хоёр удаа ирж байсан. Тодруулбал, 2006 онд Гадаад хэргийн сайдын хувьд мөн 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд "Шинэ ардчилал" олон улсын хуралд оролцох зорилгоор Монгол Улсад хоёр удаа айлчилж байлаа.

1991 оноос хойш талууд 40 гаруй олон улсын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа 2019 оны аравдугаар сард Казахстан Улсад хийсэн албан айлчлал өргөн хэмжээний гүн утга агуулгатай болсон гэж талууд дүгнэдэг байна. Энэхүү айлчлалын хүрээнд Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев болон Ерөнхий сайд А.Маминтэй хийсэн уулзалтаар олон жил хуримтлагдсан чухал асуудлууд шийдлээ олж, худалдаа эдийн засгийн салбар болоод бусад олон талт хамтын ажиллагааг хамтран урагшлуулах тухай тохиролцоонд хүрсэн юм.

- ТАЛУУД ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ 500 САЯ АМ ДОЛЛАРТ ХҮРГЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА-

Тэгвэл Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын энэ удаагийн айлчлалаар талууд ямар хэлэлцээ хийх вэ, ямар асуудлаар санал солилцож ажил хэрэг болгох түвшинд ойлголцох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Казахстаны хэвлэлүүдэд бичсэнээр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эрэлхийлэхийн тулд Засгийн газар хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх тэр дундаа Казахстанаас Монгол Улсад газрын тосны  бүтээгдэхүүн экспортлох хэмжээг 500 сая долларт хүргэх. Өнөөдөр энэхүү экспортын хэмжээ 100 сая долларт эргэлдэж байна. Мөн Монгол-Казахстаны бизнесийн зөвлөл байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замын зураглалыг батлах, Казахстан, Монголын хооронд агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцон харилцан тохирч магадгүй байна. Хамгийн анхаарал татаж буй хоёр улсын хооронд хурдны зам тавих асуудлаар мөн санал солилцох аж. 

Монгол, Казахстан улс нь  нийтлэг үнэт зүйл, түүхэн язгуур үндэст суурилсан олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэдэгт талууд санал нэгддэг. Далайд гарцгүй, газрын баялагтай гэх мэт нийтлэг ижил талууд бидэнд бий. Казахстанууд биднийг Ази дахь хамгийн чухал түншүүдийг нэг гэж үздэг. Соёл, түүхийн нийтлэг үнэт зүйл уламжлалаар холбогддог энэ харилцааг одоо өргөжин хөгжүүлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэр, дамжин өнгөрөх боломжийг өсгөх зэрэгт хоёр тал санал нэгтэй байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө