"18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн суррон, скүүтерийг унах эрхтэй" гэх дүрмийг Замын хөдөлгөөний дүрэмд оруулна

"18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн суррон, скүүтерийг унах эрхтэй" гэх дүрмийг Замын хөдөлгөөний дүрэмд оруулна

Сүүлийн үед хотын гудамжаар цахилгаан скүүтер ашиглаж замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэд, хэдэн аж ахуйн нэгж ч бий болсон билээ. Харамсалтай нь энэ төрлийн унаа, хэрэгслийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, авто тээврийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл мөн эсэх талаарх нэгдсэн ойлголт, тодорхойлолт манай улсад хомс байгааг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) онцолсон. Тодруулбал, тухайн скүүтерийг унах эрхийн зөвшөөрөл, насны доод хязгаарыг хуулиар тогтоогоогүй. Цахилгаан скүүтерийг хурдаар нь хэмжвэл мопидын төрөлд орох ёстой байгааг албаныхан хэлдэг. Хэрвээ энэ төрөлд багтаавал 16 -аас дээш насны иргэн унаж, хөдөлгөөнд оролцох ёстой. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс гаргасан судалгаагаар скүүтерээс унаж бэртэл авсан

  • 2023 онд - 261 (65 хүүхэд)
  • 2024 оны эхний зургаан сарын байдлаар - 104 (45 хүүхэд) байгаа юм.

Тэгвэл маргааш /2024.09.05/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, цахилгаан дугуй, мопед скүүтертэй замын хөдөлгөөнд оролцох үед баримтлах дүрмийг тодорхой болгон Замын хөдөлгөөний дүрэмд оруулах асуудлыг хэлэлцэх аж. 

Тухайлбал, дээрх ажлын хэсэг нь 1"8 нас хүрсэн иргэн цахилгаан дугуй, скүүтерийг жолоодох эрхтэй бөгөөд жолооны А үнэмлэхийг зайлшгүй авах, хөдөлгөөнд оролцох хурдны дээд хязгаарыг тодорхой тогтоон түүнийг мөрдөх, хурдны хязгаарыг зөрчсөн тохиолдолд явган зам, дугуйн замаар зорчихгүй байх зэрэг заалтыг Замын хөдөлгөөний дүрэмд оруулж" байгаа аж. Цаашлаад мопед, скүүтэр, цахилгаан дугуйг мотоциклийн төрөл рүү хамааруулах эсэх цаашлаад тусгайлсан зам барих хөрөнгийг төсөвт суулгах асуудлыг хөндөж байгаа юм байна.