УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Монполимет групп"-ийн удирдлагуудтай уулзаж, үүссэн нөхцөл байдалтай танилцжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Монполимет групп"-ийн удирдлагуудтай уулзаж, үүссэн нөхцөл байдалтай танилцжээ

Энэ сарын 2-ны өдөр буюу өчигдөр УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, тэмдгээ гардан авсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалж ажиллана хэмээн өнөөдөр дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр, “Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хувийн хэвшлийг төлөөлж, сонгогдсон. Тиймээс ААН-үүдтэй уулзаж, тулгамдсан асуудлуудтай танилцаж байна. Монполимет групп компанийн гүйцэтгэх удирдлагуудтай уулзаж, үүссэн нөхцөл байдалтай танилцлаа. Тус компанийн зарим үйл ажиллагаа нь хязгаарлагдсан бөгөөд 27 хоног өнгөрчээ. Ажилчдын цалин олгох дансыг нь нээсэн ч гэсэн бизнесийн үйл ажиллагаа тасалдсан учраас цалин тавих бололцоо, боломж нь хязгаарлагдаж байна.

ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг нь тасалдуулж, хэрэг хянан шийдвэрлэдэг байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Энэ нь зөвхөн тухайн компанийн ажилчин, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн л асуудал биш. Цаана нь ажилчид, бэлтгэн нийлүүлэгч, харилцагч, худалдан авагчид, зээлдэгч, хувь нийлүүлэгчидтэй холбоотой асуудал үүсдэг. Жишээлбэл, ажилчдын хувьд гэхэд л байр, моргейжийн зээлээ төлж чадахгүй болж байна. Бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа авч чадахгүйгээс бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нь хязгаарлагдаж байна. Бусад зээлийн эргэн төлөлт, алдангын асуудал хөндөгдөж байна.

ААН-үүд ийм олон талт нийлмэл харилцаанд ордог байхад үйл ажиллагааг нь таслан сэргийлэх, эрүүгийн хэрэг хянан шалгах арга хэмжээг хэтрүүлж байна. Оролцогч талуудын эрхийг нь жигд хангаж, энэ тасалдалгүй үйл ажиллагааг нь явуулах зайлшгүй шаардлага харагдаж байна. Хувийн хэвшлийг төлөөлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд энэ чиглэлээр тууштай ажиллаж, өөрчлөлтүүдийг хийнэ.

Нийгмийн гол үндсэн суурь болсон баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хамгийн чухал буюу өмчийн эрхтэй холбоотой харилцаанд доголдол үүсэж байгаагийн эсрэг ажиллана. Мөн энэ салбараас УИХ-д сонгогдсон шинэ гишүүд, намууд ч гэсэн чиглэлтэй нэгтэй ажиллаж, хувийн хэвшлийн эрх зүйш сайжруулахад ажиллах байх гэж бодож байна.

Эхний ээлжид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцтай холбогдуулж ААН-ийн үйл ажиллагааг таслан сэргийлэх арга хэмжээг авдгийг хэтрүүлэхгүй байх буюу бизнесийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах чиглэлээр шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулахыг санаачилж ажиллана. УИХ-ын гишүүд, ААН-үүдийг хувийн хэвшлийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар эрх зүйн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд хамтарч ажиллахыг хүсэж байна. Миний бие энэ чиглэлээр хамтарч ажиллахад байнга нээлттэй, бэлэн байх болно” гэв.