Монгол Улсын боксын түүхэнд анх удаа нэг ч эрэгтэй тамирчин олимпод оролцохгүй боллоо

Монгол Улсын боксын түүхэнд анх удаа нэг ч эрэгтэй тамирчин олимпод оролцохгүй боллоо

Парис 2024 Олимпийн боксын эрх олгох сүүлчийн тэмцээн өчигдөр /2024.06.02/ өндөрлөлөө.

Олимпын эрхийн тэмцээнд оролцох монголоос найман эрэгтэй тамирчин, таван эмэгтэй тамирчин оролцсон. Тухайлбал, Тэмцээний +92 кг-д Х.Бекнур, 92 кг-д Н.Отгонболд, 80 кг-д Г.Далай, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 63.5 кг-д Э.Цэндбаатар, 57 кг-д Х.Энх-амар, 51 кг-д Г.Ган-эрдэнэ нар оролцсон бол эмэгтэйгээс 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 66 кг-д Г.Бадмаараг, 60 кг-д М.Намуун, 57 кг-д Т.Болортуул, 54 кг-д М.Энхжаргал нар Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Улмаар энэ удаад О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр эмэгтэй тамирчин Парисын олимпод орох эрхээ аваад байна. Олимпод эмэгтэй боксын ангилал 2012 оны Лондоны олимпоос эхлэн хөтөлбөрт багтаж, тухайн нэг олимпод анх удаа манай улсаас хоёр эмэгтэй боксчин олимпод орох гэж байна.

Харин эрэгтэй тамирчид тэмцээнээс мултарч Монгол Улсын боксын түүхэнд анх удаа нэг ч эрэгтэй тамирчин олимпод оролцож чадахгүй боллоо. Монголын боксчид анх 1972 оны Мюнхены олимпод орж эхэлсэн цагаас эрэгтэй тамирчид хамгийн багадаа нэг тамирчин олимпод ордог байжээ.

Манай Улс "Парис-2024" олимпод жүдо 10 эрх, чөлөөт 8 эрх, буудлага 3, хөнгөн атлетик буюу марафон 3, дугуй 2, бокс 2, байт харваа, хүндийн өргөлт тус бүр 1 эрхтэй нийт 30 эрхтэй болоод байна. Харин усанд сэлэлтээр цагаан хуудсаар 2 тамирчин орох нь эцсийн байдлаар баталгаажаагүй байгаа аж.