Энэ сарын 21-нд АНУ-ын Техас мужид эхэлсэн пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Түүний хувьд энэ нь анхны ялалт биш бөгөөд 2022 онд Казакстаны Алмата хотод болсон ДАШТ-ээс алт, 2023 онд Өмнөд Африкийн Йоханнесбургт болсон ДАШТ-ээс тус тус алтан медаль хүртсэн гайхамшигтай амжилт үзүүлсэн нэгэн.
Ингэснээр түүний хувьд ДАШТ-ээс гурван жил дараалан алтан медаль авсан монголын анхны тамирчин болж буй. Мөн түүний хувьд тасралтгүй бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Энержи Ресурс” компанид уулын мастерын албан тушаалд ажилладаг ба дөрвөн хүүгийн аав. Тэрээр гурван жил дараалан ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ч эх орондоо ирснийхээ маргааш л ирэх жилийнхээ тэмцээнд бэлдэнэ хэмээн холбоон дээрээ ирчихсэн бэлтгэлээ хийж байх аж. Пауэрлифтингийн ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн амжилтаа бататгаж, дэлхийн рекорд эвдэх зорилготой хэмээн ярих түүнийг бэлтгэлээ хийж байх үед нь зорьж очин ярилцлаа.
ВИДЕО:
Г.Оргилболд: Пауэрлифтингийн ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн амжилтаа бататгаж, дэлхийн рекорд эвдэх зорилготой https://t.co/QhcgLxgnb1 pic.twitter.com/xgPyDhM9u1
— iSee.mn (@iSee_MN) June 2, 2024
-БАГАДАА ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ БАЙСАН Ч ХОЁР ХҮҮХДИЙН ТОХОЙГ МУЛТЛАСАНДАА ГЭМШЭЭД ТЭР СПОРТОО ОРХИЖ БАЙСАН УДААТАЙ-
-Сайн байна уу, юуны өмнө өмнөх амжилтаа бататган ДАШТ-ээс алтан медаль авсанд тань нийт монголчуудын өмнөөс баяр хүргэе, манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу, баярлалаа. Намайг Галдангийн Оргилболд гэдэг. Хэнтий аймгийн Бэрх хотод төрж өссөн, айлын гурав дахь хүүхэд. Анх ажил амьдралын гараа минь Хэнтий аймгийн Бор-Өндөрт эхэлсэн. Одоо бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Энержи Ресурс" компанид уулын мастерын албан тушаал дээр ажиллаж байна.
-Бага насандаа ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв, хүчний спортын тамирчин болно гэж төсөөлж байв уу?
-Миний бага насны хувьд жирийн л нэг бор айлын хүүхэд байсан. Арван жилдээ миний сонирхож байсан спорт үндэсний бөх байсан ч нэг сонин шалтгаанаас болоод хичээллэхээ больчихсон юм. Үндэсний бөхөөр багаасаа хичээллэсэн, тухайн үедээ намайг давах хүүхэд олддоггүй л байсан. Үеийнхэн дундаа л сайн барилддаг байж. Нэг удаа бөхийнхөө секцэнд явж байгаад хоёр хүүхдийн тохойг мулталчихсан. Эхний өдөр нэг хүүхдийн тохойг мултлачихсан. Гэтэл багш маань "зүгээр, ээ ийм тохиолдол байдаг юм" гэсэн. Гэтэл дараа өдөр нь ахиад өөр хүүхдийн тохой мулталсан. Тэгээд л хаячихсан. Энэ ерөөсөө надад зохихгүй спорт юм байна гэж бодоод, хүүхэд гэмтээсэндээ гэмшээд, айгаад л тэр спортыг бүрмөсөн орхисон түүхтэй.
-Анх хэзээнээс пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэх болов?
-Энэ спортоор хичээллээд чамгүй хугацаа өнгөрч, чамгүй ч амжилт гаргаж. Анх эхлэхдээ зүгээр л эрүүл чийрэг бие бялдартай байя гэж бодсон, тэгээд багштайгаа танилцаад энэ спортоороо шаргуу хичээллэж эхэлсэн. Бүр анх 2015 онд фитнест явж эхлээд 2016 оны арваннэгдүгээр сард миний багш МУГТ, Хөдөлмөрийн баатар Содномпилжээ гэж хүнийг гавьяат тамирчин авж байгааг нь сошиал дээрээс хараад, яг миний сонирхдог спортоор хичээллэдэг юм байна гэж бодсон. Тэгээд багш руугаа анх чат бичиж, танилцаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй бэлтгэл, сургуулилтаа хийж иржээ. Энэ спорт өөрөө хүчний спорт учраас хүнээс нэлээн тэсвэр, тэвчээр шаарддаг. Би долоо хоногт гурван удаа бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл тасалж байсан тохиолдол надад огт байгаагүй.
-ХОШОЙ АВАРГА БОЛОХООС МИНЬ ӨМНӨ БАГШ МААНЬ "АВАРГА АВАХ АМАРХАН, ХАРИН ТҮҮНИЙГЭЭ БАТЛАХ ХЭЦҮҮ ШҮҮ" ГЭЖ ХЭЛЭЭД ГАРГАЖ БАЙСАН-
-Хамгийн анхны ялалтаа авсан үе?
-2016 оноос эхлэн тэмцээн, уралдаануудад оролцоод ирсэн. Хамгийн анх улсын аваргаас мөнгөн медаль авч байсан.Түүнээс хойш улсдаа 12 удаа түрүүлж, Азийн хэмжээнд хоёр мөнгө, нэг алтан медаль авч байсан. Мөн Азийн хэвтээ шахалтын рекордыг 2,5 кг-р ахиулж, хоёр жил миний нэр дээр бичигддэг байсан. Харин дэлхийн дэвжээнд би энэ жил тав дахь удаагаа зодоглосон. 2018, 2019 онд би дэлхийн аваргад тавдугаар байранд орж байсан. Ингээд 2022 онд Дашийн Баттулга дасгалжуулагч, Содномпилжээ багш нартайгаа Казакстаны Алмата хотыг зорьж байсан. Энэ хугацаанд хамгийн анх дэлхийд төрийн дууллаа эгшиглүүлж, багшийгаа баярлуулсан. 2023 онд хошой аварга болохоос минь өмнө багш маань "Аваргыг авах амархан, харин батлах хэцүү байдаг юм" гэж хэлээд намайг гаргаж байсан. Тухайн үед итгэлийг нь алдалгүй бүх зүйлээ дайчлан хошой аварга болж байсан.
-Гурван жил дараалан аварга болсон сэтгэгдэл хэр байв?
-Энэ жилийн хувьд сэтгэл зүй болон бэлтгэл сургуулилт маань их сайхан таарчихсан байсан. Монголын анхны гурван жил дараалан дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин болсондоо маш их баяртай байгаа. Үүнийгээ ч би өөрөө мэдээгүй, сая ирээд л мэдсэн. Холбооныхан маань, багш маань, гэр бүл маань гээд бүгд маш их баяртай угтаж авсан. Миний энэ амжилтын ард байдаг хамгийн чухал хүн бол миний эхнэр л дээ. Дөрвөн хүүг минь харахын хажуугаар, арын амьдралаа маш сайн хараад үлддэг. Намайг тэмцээндээ орох бүрт захыг минь мушгиад сууж байдаг хамгийн мундаг хүн. Эхнэр, хүүхэд, ээж, аав минь намайг маш сайн дэмжиж, багш маань бүх бэлтгэлийн системийг хэлж өгдөг учраас би энэ спортоор тууштай хичээллэн, амжилт гаргаж байгаа гэж боддог.
-Тамирчдын хувьд санхүүгийн асуудал хамгийн том бэрхшээл болдог. Таны хувьд өнгөрсөн хугацаанд санхүүгийн асуудал их гарч байв уу?
-Манай холбооны тамирчид бол бүх зардалаа өөрсдөөсөө гаргадаг. Тэгэхээр энэ хамгийн тулгамдсан асуудал. Миний хувьд найз нөхөд, нутгийнхан, компаниасаа дэмжлэг хүсэж ирсэн, мөн цалин мөнгөнөөсөө өөрөө хурааж хуримтлуулна гээд л болгож ирсэн. Ер нь бол жил бүр явахад манай “Энержи Ресурс” компани үргэлж тусалж ирсэн. Нийт компанийхаа удирдлагууддаа маш их баярлалаа гэж энэ ташрамд хэлмээр байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгийн удирдлага, хамт бэлтгэл хийдэг найз нөхөддөө тусалдагт маш их баярладаг.
-АНУ-Д БОЛСОН ДАШТ-ЭЭС УРЖИГДАР ИРСЭН Ч ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ИРЭХ ЖИЛИЙНХЭЭ ТЭМЦЭЭНД БЭЛДЭЭД ЭХЭЛЧИХСЭН-
-Та цаашид юунд зорьж байна?
-Сая дэлхийн аваргаас алт аваад бодсон зүйл маань гэвэл "Би дэлхийн аваргад гурван удаа түрүүллээ. Дөрөв дэхь дэлхийн аварга ирэх жил Норвегид болно. Энд зорьж байгаа зүйл маань гэвэл "жингээ сайн дүүргэе, цаашлаад хамгийн том зорилго гэвэл дэлхийн рекордын төлөө үзье гэж бодож байгаа. Тиймээс ч уржигдар онгоцноосоо буугаад өнөөдөр бэлтгэл дээрээ ирчихсэн ирэх жилийн тэмцээндээ бэлдээд эхэлсэн байна даа.
-Залуус сүүлийн үед спортоор их хичээллэх болсон ч дундаас нь шантрах, бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар хорт зуршил хэрэглэж, дэглэм алдах тохиолдол их байдаг. Таны хувьд спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа энэ асуудлыг яаж шийдэж байв?
-Миний хувьд хорт зуршлаас хол байдаг. Архи огт уудаггүй, тамхи ч татдаггүй. Залуус маань ямар ч спорт байж болно, гол нь спортоор л хичээллээсэй гэж би уриалмаар байна. Би энэ талаар хөвгүүддээ ч захидаг. Хүн ямарваа нэг спортоор хичээлэхэд төлөвшдөг, хүмүүждэг. Тийм учраас тууштай байх нь хамгийн чухал. Хөдөлмөрлөөд явж байхад амжилт нэг өдөр өмнө чинь заавал гарч ирдэг шүү гэж энэ цаг үеийн залуучууддаа захиж хэлмээр байна.