Өнгөрсөн жил нийслэлийн хамгийн том асуудал, маргаан дагуулсан хэргүүдийн нэг нь “Ногоон автобус”- ны хэрэг байлаа. Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр евро 5 хөдөлгүүртэй шинэ автобус худалдан авсан гэх боловч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн оруулж ирсэн ногоон автобуснууд нь евро 2 хөдөлгүүртэй хуучин автобус болох нь тогтоогдсоноор шуугиан тарьж, энэ хэрэг одоог хүртэл шүүхийн шатанд явж буй.
Өнгөрсөн долоо хоногт “Ногоон автобус”-ны худалдан авалтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж, иргэдэд олон мэдээллийг ил тод, нээлттэйгээр хүргэлээ. Энэхүү ногоон автобусны хэргийн талаар олон нийтэд анх шүгэл хүлээсэн хүн бол яах аргагүй ХҮН намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр тэргүүтэй хүмүүс юм. Иймд бид түүнийг “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 26 дахь дугаарт урьж, ногоон автобус болон түгжрэл гэх мэтчилэн чухал сэдвүүдийн талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Би танаас хамгийн эхэнд нийгэмд өрнөж буй үйл явцад иргэдийн ой санамж хэр байгаа гэж та боддог талаар асуумаар байна?
-Иргэд бол иргэд шүү дээ. Гэхдээ зарим нэг зүйлийг мартахгүй байх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн зун маш олон хүний эд хөрөнгө, гэр орон нурсан. Бүр хүн амь насаа алдсан хэрэг ч гарсан. Энэ үед ямар хэцүү байсныг бид бүгд л мэдэж байгаа. Гэхдээ энэ жил тэр газруудаар явахад өнгөрсөн жилийн байдгаараа л байна. Зүгээр л өнгөрсөн жил өрх бүрт 3 сая төгрөгийг тараасан. Хамгийн гол зүйл буюу үерийн аюулын түвшин одоог хүртэл буураагүй. Хүн их мартамтгай амьтан. Аливаа үйл явц есөн сарын дотор тархинаас нь мартагдаж эхэлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Нийгмийн ой санамжийн тухайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг өндөр байх ёстой. Иргэд мартаж болохгүй. Бүх зүйлд анализ хийх хэрэгтэй.
-Хүн мартах нь цаг хугацааны л асуудал шүү дээ. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Гэхдээ үүнийг асууж байгаа нь нэг учиртай. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд асар олон нийгмийг бухимдуулсан зүйл болж өнгөрлөө. Гэхдээ үүнийг иргэд мартсан байхыг үгүйсгэхгүй. Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр “Ногоон автобус” худалдан авсан. Гэтэл энэ нь хуучин болж таарсан. Ногоон автобус хуучин байна гэж анх шүгэл үлээсэн хүн бол та бүхэн. Ер нь улсын нууцад оруулаад худалдаад авчихсан ногоон автобусны талаар шүгэл үлээх ямар хэрэг байсан юм бэ?
-Төрийн нууцад хамруулсан гэх ногоон автобусны талаар асуухад төрийн нууцад оруулсан учраас та нар мэдээлэл авах боломжгүй гээд мэдээлэл өгөөгүй. Яагаад төрийн нууцад хамруулсан юм бэ гэхэд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд төрийн нууцад хамруулсан бол хаалттай тендерээр шууд худалдан авалт хийхээр заасан байдаг. Ингээд яагаад төрийн нууцад хамруулсан талаар асуухад "автобус бол хүний амь насыг тээж яваа учраас хүний аюулгүй байдалтай холбоотой. Хүний аюулгүй байдал гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас төрийн нууцад хамруулж болно. Танд хамаагүй. Та санаа зоволтгүй" гэж хэлсэн. Энэ бол байж боломгүй зүйл. Саяхан Ногоон автобусны сонсгол болж олон мэдээллийг иргэдэд хүргэсэн нь сайшаалтай. Манай ИТХ бол арчаагүй байна лээ. Нэг ч удаа сонсгол хийсэнгүй. Хамгийн гол нь асуудалгүй юм байна гээд эхний 20 ногоон автобусыг хүлээгээд авчихсан байсан. Дараагийн орж ирсэн 80 автобус дээр асуудал гарч ирсэн. Эхний 20 автобусыг яаж оруулж ирсэнийг судлах л ёстой. Төрийн алба бол дандаа цүнх баригч, орлон гүйцэтгэгч нараар дүүрсэн юм билээ. МАН бол дээдэх нь доодхоо тэжээдэг систем. Харин доодох нь дээдхээ тэжээсний хариуд санал өгдөг.
-Одоо НИТХ-д танай нам болон бусад нам хэдэн суудалтай байгаа билээ?
-Манай нам гурван суудалтай байгаа. МАН 34 суудалтай байгаа бол 8 нь АН. Ирэх аравдугаар сарын орон нутгийн сонгууль дээр ахиад л МАН-д саналаа өгвөл ногоон автобус байтугай цавчаанууд олон гарна л гэсэн үг. Тэгэхээр сөрөг хүчний хяналт, бүтээлч мэтгэлцээн бүхий нийслэлийн парламентийг сонгогчид маань хүсэж байвал сонголтоо л зөв хийх хэрэгтэй.
-Та бүхнийг ямар их зориг гаргаж байгаа талаар бодож л байсан. Яалт ч үгүй энэ бүхний ард цавчаа ногооны асуудал байсан байна. Та ногоон автобусны асуудал дээр шүгэл үлээчхээд хотын даргаас нэг зүйлийг шаардсан. Тэр нь "Ногоон автобус хаана, хэний эзэмшилд байна вэ" гэж шаардаж байсан. Энэ зүйлээ олсон уу?
-Асуугаад хариулж өгөхгүй болохоор нь асуулга явуулахад “Тэнүүн-Огоо” компанийн хашаанд байгаа юм билээ. Гэхдээ буцааж явуулья гэхээр бөөн зардал гарна. Тэр зардлыг хэн гаргах нь мэдэгдэхгүй байгаа. Тухайн үед ногоон автобусыг үзэх гээд хамт яваад өгөөч гээд ШУТИС-ын багш нар луу хандахад асуудалд орохоосоо айгаад очдоггүй юм байна лээ. Энэ үйл явдалтай холбогдуулаад нэг уриалга гаргахад асуудалд зоригтой дуугарцгаая. Асуудал байвал хэлэх л хэрэгтэй.
-Магадгүй манай иргэд энэ үйл явдлын талаар мартчихсан л байх. Энэ үйл явдал 6 гаруй сарын өмнө л болсон зүйл. Идэр есийн хүйтэнд иргэдэд автобус олдохгүй байх үед гэнэт нэг өглөө автобусны маршрутыг өөрчлөх шийдвэр гаргасан. Цавчаа ногоон автобусны хохирогч нь иргэд байсан гэдэгтээ та санал нийлэх үү?
-Монгол Улсын төсвийг бүрдүүлж татвар төлсөн бүх иргэд хохирогч мөн. Иргэд маань үүнийг мартаагүй. Үүн дээр манай нийслэлийн удирдагууд их сургамж авсан байх гэж бодож байна. Тухайн үед бүтэн сайны өглөө гэнэт л автобусны маршрутыг өөрчилсөн. Үүнийг миний хувьд бүхий л чадлаараа эсэргүүцсэн. 21 дүгээр зуунд ийнхүү захиргаадалтын аргаар явж болохгүй шүү дээ. Нийтийн тээврийн 18 аж ахуйн нэгжээс “Тэнүүн-Огоо” ХХК-тай холбоотой хоёр компанийг нийслэл 74 тэрбум төгрөгөөр үнэлээд мэдэлдээ авчихсан. Одоо бол шүүхдэх процесс явж байгаа. 318 тэрбум төгрөгийн 130 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” ХХК шилжүүлчихсэн байгаа. Одоо цаана нь дахин 30 тэрбум төгрөгийн өр үлдсэн. Мөн гэр хорооллын уулархаг газарт үйлчилгээ үзүүлэх зорилготой дунд оврын 50 автобусыг “Тэнүүн-Огоо” ХХК оруулж ирсэн. Гэтэл тэр нь халаагчгүй, давхар цонх, камергүй автобус буюу техникийн тодорхойлолт хангаагүй, өвлийн хүйтэнд явах аргагүй автобус оруулж ирсэн байсан. Тэр нь бүтэн хоёр жил гаалийн хашаанд байсан юм. Мөн татварыг нь төлөөгүй. Учир нь гааль дээр тухайн автобусуудыг мэдүүлэхдээ суудлын тоог нь ихэсгэж мэдүүлээд татвараас зайлсхийсэн юм билээ. Тэгээд гаалийнханд баригдаад хэдэн жил татварын хашаанд байж байгаад нийслэлээс татварыг нь төлөөд авсан. Улмаар хэд хоног үйлчилгээнд явсан ч техникийн тодорхойлолтонд хүрээгүй тул “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхныг төлж өгөхийг хүссэн ч дансанд 11 тэрбум төгрөгийн барилт хийчихсэн байсан. Улмаар гэр хорооллын дундуур явах ёстой байсан автобус одоог хүртэл явахгүй байгаа. Энэ нь хувийн хэвшилтэйгээ төр нь яаж нийлж, мафижсан байсан бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Үүнийг Монголын ард түмэн мартахгүй.
-Тэгш, сондгой тоогоор хязгаарлахад ямар харгис шийдвэрийг төр гаргаж, ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ л гэж бодож байсан. Бид уг нь ардчилсан чөлөөт нийгэмтэй ард түмэн шүү дээ. Энэ оны хоёрдугаар сард НИТХ-аар түгжрэлийг бууруулж гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагаж мөрдөх журмыг баталсан. Энэ журам дотор Улаанбаатар хотын улсын дугаарын олголт 730 мянган төгрөг, орон нутгийн дугаартай автомашин нийслэлд зорчихдоо өдөрт 5000 төгрөг төлнө гэж заасан. Та энэ хуралд сууж, энэ хуулийг батлалцсан уу?
-ХҮН намын бүлэг суусан. Гэхдээ батлалцаагүй. Хурлыг хаясан. Иргэдээс хэнээс нь ч асуугаагүй нь дургүй хүргээд байсан юм. Дугаар олголтыг хязгаарлах нь түгжрэлтэй ямар ч холбоогүй. Энэ бол улсын дугаарыг үнэтэй болгох гэсэн эрх баригчдын нэг тоглоом. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж хурлыг завсарлуулж, хэвлэлийн бага хурал зарлаж үзсэн. Болохгүй байна шүү дээ. Эцсийн мөчид бид хурлыг хаяад гарсан.
-Автобусны тоог нэмэгдүүлээд, иргэдийн автомашин унах эрхийг хязгаарлах байдлаар түгжрэлийг бууруулах гээд байна л даа. Танд ер нь үүнээс өөрөөр түгжрэлийг бууруулах шийдэл байна уу?
-Хамгийн түрүүнд автобусанд зориулсан хашлагатай замаа хийх хэрэгтэй. Энэ бол хамгийн хямдаар түгжрэлийг шийдэх арга. Гэхдээ нийтийн тээврийг солонгоруулахыг бид дэмждэг. Метрог ч бид дэмжиж байгаа. Мөн бага оврын автобусыг өндөр стандарттайгаар дахин нэвтрүүлэх хэрэгтэй. Дээр үед микро явж байсныг одоо өндөр стандарттайгаар дахин хийх хэрэгтэй байгаа юм.
-Ярилцсан танд баярлалаа.