Чарли Киркын үхлийг шүүмжилж, элэглэсэн ABC телевизийн хөтлөгч Ж.Киммел өнөөдөр эфиртээ эргэн ирнэ

Чарли Киркын үхлийг шүүмжилж, элэглэсэн ABC телевизийн хөтлөгч Ж.Киммел өнөөдөр эфиртээ эргэн ирнэ

Америкийн инээдмийн жүжигчин Жимми Киммел мягмар гараг /2025.09/23/-т нэвтрүүлэгтээ эргэн ирэх аж. Тэрээр Чарли Киркын нас барсан талаар хэлсэн үгнийхээ улмаас түр хугацаанд халагдсан байна.

Тодруулбал, "ABC" телевизийн Жимми Киммелийн шоу нь Ютагийн их сургуулийн хотхонд оюутнуудтай хийсэн мэтгэлцээний үеэр хөнөөгдсөн консерватив үзэлтэн Чарли Киркын үхэлтэй холбоотой тайлбарынх нь дараа зогсоосон байна. Учир нь Ж.Киммел өнгөрсөн даваа гараг /2025.09.15/-ийн нэвтрүүлгийнхээ монологт “MAGA бүлэг энэ хүнийг алсан этгээдийг өөрсдийн нэг биш мэтээр харуулах гэж улайран оролдож байна” хэмээн мэдэгдээд, үүнийг улс төрийн оноо авах зорилготой гэж шүүмжилжээ.

Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Ч.Киркийн гэгээн дурсгалд зориулан улсын байгууллагуудын тугийг бөхийлгөх шийдвэрийг шүүмжилж, түүнийг элэглэсэн байна.

Жимми Киммел, “насанд хүрсэн хүн найзаа алдсандаа ингэж гашууддаггүй. Энэ бол дөрвөн настай хүүхэд аквариумынхаа алтан загасыг үхэхэд уйлж байгаа шиг зүйл” хэмээн хэлжээ. Иймд АНУ-ын зарим албан тушаалтнууд түүний үгийг “жигшмээр” хэмээн нэрлэсэн бол консерватив үзэлтнүүд Ж.Киммел баримтыг гуйвуулсан гэж буруутгажээ. Харин Жимми Киммелийн шоуг зогсоосны дараа олон шоуны хөтлөгчид түүний талд орж, энэхүү шийдвэрийг цензур, үг хэлэх эрх чөлөөнд халдсан явдал гэж үзсэн байна.

Иймд ABC телевизийн зүгээс “олон хүний сэтгэл хөдлөл өндөртэй энэ цаг үед нөхцөл байдлыг улам хурцатгахаас зайлсхийхийн тулд нэвтрүүлгийг түр зогсоох шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдээд байжээ. 

Эх сурвалж: BBC