Тайландын Бангкок хотноо болж буй Олимпын эрх олгох боксын тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Бангкокийг зорьсон 12 тамирчнаас 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, +92 кг-д Х.Бекнур, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Энхжаргал, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар үлдэн тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Өчигдөр олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ Кирибати улсын тамирчин Эриү Темакауг 5:0-ээр илүүрхэн ялалт байгуулсан бөгөөд өнөөдөр Малайзын Абдул Ариффинтай гуравдугаар тойрогт хүч үзэх юм. Түүнийг ялбал АНУ-ын шилдэг залуу тамирчин Роскотой Олимпын эрхийн төлөө тулалдах магадлалтай.