Улсын харцага Т.Бэгзсүрэн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож, тавын даваанд өвдөг шороодсон бөгөөд допингийн шинжилгээ авахад түүнээс хориотой бодис илэрсэн юм.
Улмаар хуулийн дагуу түүний эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гарсан байдаг. Харин Т.Бэгзсүрэн энэ шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрт гомдол гаргасан юм. Түүний гомдлын дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нарт холбогдох үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх Допингийн давж заалдах комиссын нээлттэй хуралдаан өчигдөр/2024.05.28/ боллоо.
Спортын арбитраас, допинг илэрсэн асуудалд өргөдөл гаргагч анхаасаа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул өргөдөл гаргагч Т.Бэгзсүрэнг допинг хэрэглэсэн болохыг тогтоосугай. Мөн WADA-ийн дүрмийн дагуу эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай. WADA-ийн дүрмийн 10.7.1.1-т заасны дагуу Т.Бэгзсүрэн допинг илэрсэн үеэс допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, спорт сонирхогч болон бусад өрсөлдөгч тамирчдаасаа уучлалт гуйж, допингийн эсрэг үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэсэн, манлайлал үзүүлэхээ илэрхийлсэн, допингийн эсрэг үйл ажиллагаанд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэн шинжилгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлсэн, допингийг санаатай хэрэглээгүй болох нь тогтоогдсон, эмчлүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй учраас допингийг санаатайгаар хэрэглээгүй нь тогтоогдож байна. Иймээс эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай. Мөн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг дүрмэнд нийцүүлэхийн тулд арбитрын давж заалдах комисст өргөдөл гомдол гаргаж, өөрийн эрхийг хамгаалах замаар энэхүү үйл ажиллагааг дүрмэндээ нийцүүлэх ажилд идэвх санаачлагатай оролцсон, спортын бүрэн бүтэн байдлыг хангахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан үзэн эрх хассан хугацааг зургаан сараар багасгаж, нийт эрх хасах хугацааг 18 сар байхаар тогтоосугай. Эрх хасах өдрийг дээж авсан өдрөөр буюу 2022 оны долдугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосугай" гэжээ. Ийнхүү улсын харцага Т.Бэгзсүрэн барилдах эрхээ сэргээлгэж байна.