Мэргэжлийн сүмод 2020 оны есдүгээр сарын башёгоос барилдаж, “Исэноүми” дэвжээний анхны гадаад бөх болсон Араүма Б.Төртогтох бэртлийн улмаас зодог тайллаа.
Б.Төртогтох Тоттори Жохоку ахлах сургуулийг төгсөөд, Доошишия их сургуульд суралцан, 2020 оны гуравдугаар сард төгссөн. Улмаар “Исэноүми” дэвжээнд элсэж, Араүма нэрээр барилдсан билээ. 1775 онд байгуулагдсан тус дэвжээ уламжлал, ёс заншлаа хадгалан, гадаад бөх авдаггүй байсан бөгөөд Б.Төртогтох тус дэвжээний анхны гадаад сүмоч болж байлаа.
Өдгөө 27 настай тэрбээр макүшитад 13 башё барилдахдаа 39 давж, 45 унан, долоон удаа өнжжээ. Түүнчлэн жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд нийт найман башё барилдахдаа 40 давсан юм. Тэрбээр Японы оюутны сумогийн тэмцээнээс гурван медаль хүртсэн байдаг. Түүний өвөө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын начин Г.Бат-Эрдэнэ бол аав нь улсын начин Б.Баттогтох юм.