"Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд Зуунмодод" үзэсгэлэнг Төв аймгийн музейд дэлгэнэ

"Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд Зуунмодод" үзэсгэлэнг Төв аймгийн музейд дэлгэнэ

Олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг. Тус өдрийн хүрээнд Төв аймгийн музей дөрвөн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэж, тавдугаар сарын 17-нд Байгаль орчны сургалтыг Манзушир дахь Байгалийн музейн сургалын танхимд зохион байгуулна. Энэхүү сургалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулах, үйлдвэрийн хаягдал, оймсны түрийгээр аяганы суурь, цүнхний зүүлт хийх талаар мэдлэг олгох юм.

Түүнчлэн тавдугаар сарын 20-ны 11.00 цагт Төв аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд Зуунмодод” үзэсгэлэнгийн нээлт болно. Уг үзэсгэлэнг Шинжлэх ухааны академи, Палеонтологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа бөгөөд долдугаар сарын 4-ний өдрийг хүртэл дэлгэнэ.

Мөн тавдугаар сарын 20-ны 14.00-17.00 цаг хүртэл Төв аймгийн музейд Зуунмод сумын ЕБС болон Политехник коллежийн багш нарт “Монголын үлэг гүрвэлүүд” сэдэвт лекц, семинарыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн хүргэхээр болсон байна.