Улсын наадмын бөхийг "жүжигчилсэн тоглолт" болгохгүйн тулд Ц.Магалжавын хэлсэн "сугалаагаар барилдах" зэрэг дүрмийн өөрчлөлт шаардлагатай

Улсын наадмын бөхийг "жүжигчилсэн тоглолт" болгохгүйн тулд Ц.Магалжавын хэлсэн "сугалаагаар барилдах" зэрэг дүрмийн өөрчлөлт шаардлагатай

Энэ жилийн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр 10 даван түрүүлж, Даян аварга цолыг хүртсэн. Мөн монголын ард түмний хүсэн хүлээж байсан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат.Өлзий ес даван үзүүрлэж Улсын арслан цолын болзол хангасан гээд ярих юм ихтэй наадам болсон ч "сайны хажуугаар саар" гэгчээр хэд хэдэн бөхчүүд даваа наймаалцсан байж болзошгүй тохиолдлууд гарсан нь үзэгч түмний дургүйцлийг хүргэсэн байдаг. 

-2025, 2026 ОНД ДАРААЛАН ГАРДИ Ш.ЖАРГАЛСАЙХАН ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРИЙН ДӨРВИЙН ДАВААНД БАРИЛДАХ БӨХИЙГ ГАРГАЖ ӨГСӨН-

Наадмын үеэр зарим бөхчүүд өрсөлдөгчийнхөө бие рүү халдах, даваа наймалцахыг оролдсон гээд ёс зүйн асуудлууд гарсан ч МҮБХ-ноос ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй явсаар есөн сарыг гаргасан. Тэгвэл энэ оны есдүгээр сарын 4-нд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл хийсэн байдаг. Энэ үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан байдаг бөгөөд Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх ямар ч хууль, эрх зүйн боломжгүй байгааг дурдсан байдаг. 

Мөн түүний хувьд даваа наймалцах асуудал дээр зоригтой шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр, "Улсын гарди Ш.Жаргалсайхан гурвын даваанд сумын заанд өвдөг шороодож дөрвийн даваанд Дархан аварга Н.Батсуурийн барилдах хүнийг бэлдэж өгсөн байж болзошгүй" хэмээсэн байдаг. 

Дөрвийн давааны "нугалаа"-г найрааг таслан зогсоохоор 2004 оны Улсын наадмаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэ жилийн наадмаар Улсын гарди Ш.Жаргалсайхан үнэн хүчийг үзэн барилдаад сумын заанд унаж, давсан бөх нь дөрвийн даваанд Дархан аварга Н.Батсуурьтай таарсан нь тохиолдол гэж бодож болох ч 2025 наадмаар энэ зүйл яг адил аргаар давтагдсан байдаг. 2025 наадмаар Улсын гарди Ш.Жаргалсайхан гурвын даваанд аймгийн харцага Г.Гантулгад өвдөг шороодож улмаар Г.Гантулга дөрвийн даваанд Дархан аварга Н.Батсуурьтай тааран барилдаж байжээ.

Товчхондоо Дархан аварга Н.Батсуурь, Улсын гарди Ш.Жаргалсайхан нар адил аргаар сүүлийн хоёр жилийн наадмаар дөрвийн нугараанд барилдах бөхөө тааруулсан байж магадгүй байгаа юм. 

Мөн энэ жилийн наадмаар Дархан аварга Г.Өсөхбаярын дүү Улсын харцага Г.Батбаяр наадамд барилдахаар бүртгүүлсэн хэдий ч нэгийн даваанд гарч барилдалгүй нэгэн залуу бөх давсан бөгөөд тухайн залуу бөх хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяртай таарч барилдсан байдаг. Энэ мэт бөхийн найрааг багасгахын тулд нэг, хоёр, дөрвийн давааг оноолтоор тааруулдаг болсон ч "Арга нарийсах тусам гаргалгаа нь улам нарийсдаг" гэдэг шиг бөхчүүд маань оноолтоор таарах бөхөө эртнээс тааруулдаг болоод байна. 

-ГУРАВ, ТАВЫН ДАВААГ СУГАЛААГААР БАРИЛДУУЛАХ ХОЁР БОЛОМЖИТ ХУВИЛБАР БИЙ-

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэрхэн давааны наймааг таслан зогсоох талаар нэгэн сонирхолтой аргыг дурдаад амжсан. Тэрбээр, "Нэг, хоёр, дөрвийн даваа оноолтоор, гурав, тавын даваа сугалаагаар, зургаагаас дээш даваа ам авах хэлбэрээр барилдаж болно" гэсэн байдаг. Хэрэв бүх бөхчүүдээс сугалбал гурвын даваанд Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Э.Батмагнайг сугалах боломжтой гэсэн үг. Иймд наадмын дээд даваанд барилдах боломжтой хоёр бөхийг доод даваанд тааруулахгүйгээр гурав, тавын давааны сугалааг явуулах зохицуулалт хийх шаардлагатай болж байгаа юм. 

Хэрэв үнэхээр сугалаагаар барилдахаар болбол хоёр боломжит хувилбар байгаа.

Нэгдүгээрт, ямар цолтой бөхөөс сугалахаа өөрөө шийдэх. Тодруулбал, Дархан аварга Н.Батсуурь гурвын даваанд аймгийн начин цолтой бөхчүүдээс сугалсан бол түүний араас Даян аварга Б.Орхонбаяр аймгийн заанаас сугаллаа гэх мэт.

Хоёрдугаарт, таван бөх амлаад дундаас нь сугалах. Тодруулбал, Улсын аварга П.Бүрэнтөгс хоёр давсан бөхчүүдээс таван бөхийн нэр хэлж байгаад дундаас нь сугалах боломжтой гэх мэт сугалааны хувилбарууд аравдугаар сард болох МҮБХ-ны хурал дээр яригдах болов уу. 

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд салхи оруулахгүй бол бөхийн зарим барилдаан шударга бус болоод байгааг хүн болгон л мэддэг болсон. Хэдий бөх үндэсний спорт ч гэлээ ямар нэгэн давааны наймаагүй, шударга өрсөлдөхгүй бол үзэх хүн ховордох нь цаг хугацааны л асуудал болоод байна. Иймд бид үндэсний бөхийн найраа, допинг гэх зүйлсүүдийг дүрэмд өөрчлөлт оруулж багаар ч болов засаж явахгүй бол бидний хамгийн том бахархал болох Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаан үнэн хүчийг үзэх биш хэн мөнгөтэй нь давдаг жүжигчилсэн тоглолт болоход ойрхон байна. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө