ВИДЕО: “С.Зоригийг М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс алсан” гэж Ц.Элбэгдорж хэлүүллээ гэж би бодсон хэмээн Н.Энхбаяр ярьжээ

ВИДЕО: “С.Зоригийг М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс алсан” гэж Ц.Элбэгдорж хэлүүллээ гэж би бодсон хэмээн Н.Энхбаяр ярьжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр /2024.05.15/ TV9 телевизийн "Улаанбаатарын сонин" нэвтрүүлэгт оролцож цаг үеийн өрнөж буй үйл явдалд байр сууриа илэрхийлжээ. Н.Энхбаяр ярилцлагынхаа үеэр С.Зоригийн амиа алдсан хэрэг дараа юу өрнөж байсан талаар өгүүлсэн байна.

 ВИДЕО: 

Тодруулбал Н.Энхбаяр, "С.Зориг амиа алдсаны дараа “сахал” Б.Билэгт “С.Зоригийг М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс алсан” гэж зарласан. Талбай дээр байсан олон хүн шоконд орсон, нэлээн аюултай байдал бий болсон. Энэ үеэр хамгаалалтыг хариуцаж байсан хүмүүс “Энэ цуглааныг дуусгая. Та бүхэн дотогшоо ор, нөхцөл байдал эвгүй болж байна, нийгмийг талцуулж, цус урсах хэмжээн очлоо” гэж зөвлөсөн. Ингээд бид төрийн ордон руу орсон. Э.Бат-Үүл тэгэхэд Б.Билэгт рүү дайрч, “Чи яаж байгаа юм, юу яриад байгаа юм, чи яаж мэддэг юм” гэж хэлсэн. Энэ үеэр Б.Билэгт инээж, мөн Ц.Элбэгдорж инээж, тэрбээр Б.Билэгтээ дагуулаад явсан. Тэр үед би “Ц.Элбэгдоржийн даалгавраар Б.Билэгт ингэлээ” гэж ойлгож хоёр зүйлийг бодсон. 

Нэгдүгээрт, М.Энхсайхан бол тэр үед яах аргагүй Ц.Элбэгдоржийн өрсөлдөгч байсан. Тийм учраас өрсөлдөгчөө намнахын тулд юу ч хийхээс буцахгүй хүн байна гэж ойлгосон. Хоёрдугаарт, мөрдөн байцаах ажлыг санаатай төөрөгдүүлэх гэж оролдсон байж магадгүй гэж би бодсон. Харамсалтай нь хоёр жил өнгөрсөн, энэ хугацаанд энэ мэтийн үйлдлээс болж тэр хэргийн ул мөр нь нотлох баримт нь маш бүрхэг, захиалагч, алуурчныг олоход маш хэцүү байдалд орсон. Бид олохыг оролдож, манай засгийн газар 500 сая төгрөг өгнө гэж амлаж байсан” гэжээ.

Мөн тэрбээр, “Ц.Элбэгдорж ажилд очлоо Б.Билэгт л ажилд очно. Тухайлбал, Б.Билэгт Радио, телевизийн дарга болсон. Тагнуулын байгууллагын дарга болсон. Цагдаагийн дарга болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болсон. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болсон. Энэ бол даалгавар биелүүлэх гэж очиж байгаа явдал. Үүний цаана улс төрийн өрсөлдөгчдийг намнах, эсвэл бичиг баримтыг устгах, ямар нэг асуудлыг төөрөгдүүлэх ийм даалгавар биелүүлэх гэж очиж байгаа юм” гэжээ.