Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил болон бусад анхаарах асуудлыг тодрууллаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан юм.
ВИДЕО:
-САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ, ХОЁР ХУУДАСТАЙ БАЙНА-
-Өнгөрсөн сарын 30-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн нам эвслийг бүртгэлээ. Ингэхдээ гурван намыг бүртгэсэнгүй. Бүртгээгүй шалтгаан юу вэ?
-Сонгуульд оролцохоо илэрхийлсэн 26 нам, хоёр эвслийн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүнээс гурван намын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Учир нь зардлын тайлангаа тайлагнахтай холбоотой зөрчил гаргасан байсан. Харин хүсэлтийг нь хүлээн авсан бусад намд өнөөдөр батламжийг нь гардуулна.
-Сонгуульд оролцох нам эвслүүд тодорхой болсонтой холбоотойгоор саналын хуудасны тоо, загварыг удахгүй танилцуулах байх. Ер нь саналын хуудас ямар хэлбэрээр гарах вэ?
-Саналын хуудасыг хуулинд заасан хэмжээ, загвараар хийж баасан гарагт батлахаар ажиллаж байна. Хүсэлтээ илэрхийлсэн намуудын тоо тодорхой болонгуут саналын хуудасны ерөнхий багцаа хэмжээ, загвар тодорхой болчхож байгаа юм. Гэхдээ нэр дэвшигчид тодорсон хойно буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс хойш эцсийн байдлаар тодорхой болно. Загварын хувьд одоо баталж болохоор байгаа учир батлаад, мэдээллийг сонгогчиддоо яаралтай танилцуулах ёстой үзэж байна. Тухайлбал, саналын хуудас ийм загвартай байна тиймээс нэр дэвшигчдийг мажоритар тойрогт ингэж дугуйлна, пропорциональд ингэж сонгоно гэдэг мэдээллийг эртхэн иргэддээ өгөх ёстой, сургалт явуулах шаардлагатай гэж үзэж байна.
-Намуудаас 48 нэр дэвшигчийг жагсаалтад бичнэ. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж жагсаах юм бэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд саналын хуудас хоёр хэсэгтэй байна гэж заасан. Хосолсон системээр сонгууль явагдах учир мажоритар болон пропорциональ гэсэн хоёр хэсэгт саналын хуудсыг хуваана. Тиймээс хоёр хэсэгтэй, хоёр тусдаа саналын хуудас байх болов уу.
Саналын хуудсанд гурван дараалал үйлчилнэ. Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлийн дарааллаар, хоёрдугаарт, мажоритар тойрогт нэр дэвшигчдийг намаас нь эрэмбэлэсэн дарааллаар, гуравдугаарт, бие даагчдыг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллаар нь байрлуулна. Саналын хуудастай холбоотой намуудын санал ирж байгаа. Тэр шаардлагуудыг ярилцаж хариу өгнө.
Намын даргын зураг, нэр болон намын логог байрлуулъя гэх саналыг намуудаас ирүүлж байгаа. Яг одоогоор хэлэхэд, энэ их зүгээр санал ч юм шиг. Гэхдээ бид үүнийг хуулийн дагуу хийхгүй бол хуулийн үр дагавар эрсдэлтэй байна. Хуулинд заагаагүй зүйлийг дур мэдэж хийхэд их төвөгтэй. Хороогоороо ярилцаж байж энэ санал дээр хариу өгнө.
-Намын даргын нэр, зургийг байрлуулна гэдэг талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Тухайлбал, яг өнөөдрийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний пи ар хамгийн сайн явж байна. Тэгэхээр таны хэлж буй энэ хэлбэрээр жагсаалтыг ялгах юм бол Л.Оюун-Эрдэнийн нам л ялах магадлал өндөр байна шүү дээ?
-Иргэд лого, намын даргынх нь нэрээр намуудыг мэддэг учир баримжаа авахад амар юм. Зөвхөн Дээд шүүхэд бүртгэсэн дарааллаар нь биччихээр тодорхой бус дараалал үүсэх гээд байна. Тийм учраас даргынх нь зураг нэр, логог нь байрлуулчихвал илүү тодорхой болно гэх шаардлагыг зарим намаас тавиад байгаа юм. Гэхдээ хуулинд ингэж боломж бий юу, гаргалгаа байна уу гэдгийг бид ул суурьтай ярилцана.
-Ямар нам шаардлага тавьсан юм бол?
-МАН-аас ийм шаардлага ирээгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ гэх хувь хүний сурталчилгаа сайн учраас түүний нам ялна гэж би үзэхгүй байна. Нэр бүхий таван нам албан ёсоор ийм саналыг ирүүлсэн. Түүнээс гадна сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн өөр бусад намууд ч аман хэлбэрээр энэ саналыг хэлж байсан.
-Намуудын мөрийн хөтөлбөр хэзээ олон нийтэд тодорхой болох вэ?
-Намууд мөрийн хөтөлбөрөө сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд олон нийтэд ил болгож танилцуулна. Мөрийн хөтөлбөрийг Аудитаас хянаад манайд ирүүлсэн. Сонгуулийн нэр дэвших ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөр дуусгавар болно.
-Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаарх гомдол Сонгуулийн ерөнхий хороонд хэр их ирж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт жүжгийн билетийг үнэгүй тараасан гэх шүүмжлэл байсан?
-Бидэнд ийм гомдол ирж байна. Нэмээд “царцааны нүүдэл”-ийн тухай гомдол ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрчил хариуцсан чиг үүргийн байгууллагуудтай ажиллахаар төлөвлөж байна. Учир нь чиг үүргийн байгууллагууд нь шалгах юм. Сонгуулийн хуулийг зөрчсөн гэх гомдол манайд ирвэл бид цаг алдалгүй чиг үүргийн байгууллага руу нь шилжүүлнэ.
-СОНГУУЛИЙН ҮЕЭР ЦАХИМ ОРЧИН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАХ ҮҮДНЭЭС ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГААС ТӨЛӨӨЛӨЛ ГАРЧ МЕТА КОМПАНИД АЖИЛЛАНА-
-Сонгууль бүрээр хар машин буюу санал тоолох автомат машинаас болж иргэдийн өгсөн саналын дүн будиллаа гэх шүүмжлэл өрнөдөг. Сонгууль зохион байгуулах ажлыг голлон зохион байгуулж буй танай байгууллагаас энэ удаагийн сонгуулиар ийм гомдол гаргахгүй байхад хэрхэн анхаарч ажиллах вэ. Сонгогчдод итгэл найдвар өгч чадах уу?
-Хар машин бол санал тоолох төхөөрөмжөөс гадна бүхэл бүтэн систем юм. Дүн дамжуулалт, холболт, програм хангамж зэрэг бүх талыг агуулсан систем. Энэ системийн үйл ажиллагаанд би эргэлзэхгүй. Учир нь энэ систем өөрөө дэлхий нийтэд туршигдсан. Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн жил АНУ-ын сонгуулийн дүнтэй холбоотой бас ийм маргаан гарсан. Ингэхдээ манайд хэрэглэж байгаа төхөөрөмжтэй холбоотой маргаан гарч АНУ-ын шүүхээр шийдвэрлэгдсэн. Шалгаад ямар ч маргаангүй гэдгийг батласан бөгөөд энэ мэдээллийг тараасан хүмүүс маш их хэмжээний торгуульд унасан шүү дээ.
-Нэг иргэний санал өгөх хугацаа уртассан. Тэгэхээр санал хураах өдрөө багтаж иргэдээсээ саналаа авч чадах уу. Ирц хүрэх үү?
- Өөрсдөдөө байгаа бүхий л боломжоор иргэдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх менежментийг хийнэ. Сурталчилгааны ажлыг ч хийж байна. Санал тоолох төхөөрөмж болоод техник хангамжийн тухайд бүх иргэдийнхээ саналыг авах бүрэн боломжтой. Цаг хугацааны хувьд ч боломжтой. Саналын хуудас уртассантай холбоотойгоор санал өгөх хугацаа нэмэгдэж байгаа ч мэдэгдэхүйц хэмжээнд айхтар их болохгүй. Гол нь сонгогч саналын хуудсандаа анхаарлаа төвлөрүүлж, бөглөх хугацаа уртасгаж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээг авна. Тодруулбал, нэг газарт хоёр төхөөрөмж байрлуулах гэх мэт. Бүхээгийн тоог 5-6 дахин нэмэгдүүлнэ. Мөн олон хүн зэрэг орж болох том заал танхимыг бэлдэнэ.
-Сонгуулийн үеэр Мета компани Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажиллана гэсэн. Тэгэхээр Мета компани сошиал дээр гарах мэдээлэлд хяналт тавина гэж ойлгогдож байна?
- Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотойгоор Мета компанитай бид сая уулзсан. Намууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудтай уулзуулж сургалт хийлгүүлсэн. Тэгэхээр хамтран ажиллах чиглэлээр ярилцаж байна. Ер нь сонгуулийн шударга байдлыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллая, энэ чиглэлийн хэрэг маргаан, зөрчлийг гаргахгүй байх тэдгээрийн нөлөөллийг бууруулах ямар арга зам байна гэдэг асуудлаар ярилцсан. Сонгуулийн үеэр баг ажиллуулж өгөөч гэх хүсэлтийг Мета компанид тавьсан ч боломжгүй гэх хариуг өгсөн. Тэгэхээр нь манайхаас тус компанийн төвд өөрийнхөө мэргэжлийн хүмүүсийг ажиллуулмаар байна гэх саналыг тавьсан. Ойрын үед манай улсаас Кибер аюулгүй байдалтай тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөллүүд Мета компанийн төвд ажиллах гэж байна.
-Гадаадад байгаа хэдэн иргэн саналаа өгөх вэ?
-Гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр авна. Гадаад харилцааны яаманд төв комисс байгуулагдсан. Удахгүй дипломат төлөөлөгчийн газруудад салбар комисс байгуулагдаж энэ ажлыг зохион байгуулна. Гадаадад байгаа иргэдийн саналыг авахад 560 орчим сая төгрөгийг төсөвлөсөн. Бүх боломжийг ашиглаад энэ ажлыг амжуулна.