УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг парламентаар хэлэлцэж эхлээд байна. Энэ нь чихрийн агууламж өндөртэй амтат, ус ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлэх агуулга юм.
ВИДЕО:
ДЭМБ-аас 2016 онд бүх улс орнуудад хандаж таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмэгдүүлсэн ундаанд татвар ногдуулсан хуулийн зохицуулалт хийхийг уриалсан. Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн 2100 хүүхдийн амтат, ус ундааны хэрэглээг судлахад 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөр ууж буй шингэний 1/3-2 нь нь амтат, ус ундаа байна. 2010 онд хүүхдүүдийн дунд 4 хувь байсан илүүдэл жин, таргалалт 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Иймээс дэлхийн 100 гаруй улс орон ДЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлээд байгаа аж. Энэ хууль батлагдсанаар нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсан талаар хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Тодруулбал, хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэх аж. Чихэрлэг ундааны татварыг нэмснээр үнэ нь нэмэгдэх болно. Дэлхийн улс орнууд чихэрлэг ундааны асуудлыг үнээр зохицуулж байгаа. Хүүхдүүд аль болох үнэтэй чихэрлэг ундаа авах бус аль болох хямд чихэр багатай ундаа руу шилжилт хийх болно. Энэ хугацаанд хуулийн хэлэлцүүлэг болон ард иргэдэд таниулах сурталчилгаа хийх болно. Мөн хаяг, шошгодоо өөрчлөлт оруулж сахарыг нь багасгах боломжийг үйлдвэрлэгчдэд олгоно. Юу, юугүй татвар ногдуулахгүй гэсэн үг" гэсэн юм.
Уг хуулийн төсөлд 100 мл ус ундаанд сахарын агууламж 5 граммаас дээш бол онцгой албан татварыг 500 төгрөгөөр тогтоохоор тусгажээ. Улмаар татварын хэмжээг жил дараалан нэмэгдүүлэх бөгөөд 2026 он гэхэд 550 төгрөгийн татвартай болгохоор төсөл боловсруулсан байна. Монголчууд жилд 522 тэрбум төгрөгөөр 210 сая литр чихэрлэг ундаа хэрэглэдэг. Өдөрт 500 гр чихэрлэг ус, ундаа хэрэглэдэг хүн жилд 22 кг сахар идэж байгааг судалгаагаар тогтоожээ. Сахар ихтэй ус ундаа хэрэглэхийн сөрөг үр дагавар нь бүх л өвчний суурийг бүрдүүлэгч таргалалт, шүд цоорох, ясны сийрэгжилт, үрэвсэл, зүрх судасны өвчлөл зэрэгт ихээхэн нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанаас харахад л 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж долоо дахин нэмэгджээ. 15-49 насны хүмүүсийн 60 хувь нь илүүдэл жин, таргалалттай төдийгүй үүнээс үүдсэн зүрх судасны өвчлөл зонхилон тохиолдож байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.