УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
- МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй гэсэн шийдвэрийг бүлгийн өнөөдрийн хуралдаанаараа гаргасан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанд намын дарга У.Хүрэлсүх болон миний бие оролцлоо. Манай нам бусад улс төрийн намтай адил нэр дэвшигчдэдээ санхүүгийн шалгуурыг тавихгүй. Тухайлбал, мөнгө хандивласан хүн нэр дэвших эрхээ олж авдаг. Тэгвэл манай нам энэ удаа тийм бодлогыг барихгүй. Улс төрийн намын санхүүжилт ил тод байх зарчмыг барьж ажиллая гэж байгаа юм. Томсгосон тойргийн системээр сонгуулийг явуулахаар болсон нь мөнгөний хүчин зүйлээс ангид байлгах бодолтой холбоотой. Аливаа нэр дэвшигч тойрогтоо мөнгө төгрөг тарааж сонгогддог байдлаас холдуулахын тулд дээрх зарчмыг баримталсан. Нэр дэвшигчдэд анхааруулж, сануулж хэлэхэд хуулийн хүрээнд хандиваа босгож ажиллана. Сонгуулийн дараа ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авч аливаа иргэнийг албан тушаалд томилохыг хориглоно.
Сая батлагдсан Сонгуулийн хуулийн онцлог нь нэр дэвшигч санхүүжилтээ босгоод аймаг, орон нутгийн намуудтай хамтарч ажиллана. Ингэснээр төв намдаа мөнгө төлж эндээс нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр төв намд хандив өгөх шаардлагагүй гэж байгаа юм. Мэдээж хуулийн хүрээнд нам хандиваа цуглуулна. Цуглуулсан хандиваараа сонгуулийн сурталчилгаа, PR-ийн ажлуудаа хийх юм.
-Та бүлгийн хурал дээрээ тойрог, мандатын хуваарилалтыг урьдчилсан байдлаар танилцуулсан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Тойрог, мандатын хуваарилалтын талаар яриагүй байна. Одоогийн төсөөллөөр 26 том тойрогт сонгууль явуулна. Одоогоор МАН үндсэн суурь судалгаагаа хийж байна. Аль тойрогт хэнийг нэр дэвшээсэй гэж хүсч байна, одоо байгаа гишүүнээ дэмжих юм уу, үгүй юм уу гэдэг асуултад иргэдээс хариулт авахаар ажиллаж байна. МАН нэр дэвшигчийг дэвшүүлэхдээ юуг анхаарах ёстой гэдэг дээр түлхүү ажиллаж байна гэсэн үг.
-Нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодорхой болгосон уу. Тухайлбал, М.Энхболдын хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэх мэдээлэл байна шүү дээ?
-Тийм зүйл яригдаагүй. Энэ нь намын удирдлагын түвшинд яригдах асуудал биш. Тойргийн ард түмнээс л асуух асуудал.
-М.Энхболдыг УИХ-д нэр дэвшүүлэх үү?
-Намаас хийж буй суурь судалгааны үндсэн дээр хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Тэр нь гуравдугаар сарын сүүлээр тодорхой болно.
-Суурь судалгааг 21 аймагт хийж байгаа юу?
-21 аймаг 330 гаруй сум, суурин газар болон Улаанбаатар хотын есөн дүүрэгт хийж буй судалгаа юм.
-Нэр дэвшигчдээс хандив авахгүй байх нь далд улс төрийн тохироо хийгдэх, далд хандив ихсэхэд хүргэх эрсдэлтэй юм биш үү?
-Өнөөдрийн бүлгийн хурал дээр манай намын даргын хэлсэн чиглэл яг энэ юм. МАН-аас нэр дэвшигч нь ямар нэгэн хууль бус ажилд орооцолдож болохгүй гэдгийг анхааруулсан. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших дэвшигчдээс ёс зүй, нээлттэй байдал, хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримтлахыг шаардана.
-Та Говь-Алтай аймагт нэр дэвших үү?
-Одоогоор яригдсан зүйлгүй байна. Нэр дэвшигчдийг тодруулах ажил гуравдугаар сарын сүүлээр яригдана.
-МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэхээр сонгуульд зарцуулах мөнгөө босгосон гэсэн үг үү?
-Мөнгө босгоогүй ээ. Нэр дэвшигч тодорно,МАН сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Үүнтэй холбоотойгоор идэвхтэн гишүүд хандиваа цуглуулна. Тэр мөнгөөр нь нам сурталчилгаагаа хийнэ. Цугласан хандивтаа тааруулаад сонгуулиа хийнэ.Харин нэр дэвшигчид хуулийн хүрээнд зардлаа босгоод аймаг, дүүргийн намын хороон дээрээ ажиллана.
- Ёс зүйг нь харгалзаж нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ гэсэн. Тэгэхээр ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг нэр дэвшүүлэх үү?
-Бүгд яригдана. Намын удирдлагын түвшинд ярина. Мөн ард иргэдийн дургүйцэж байгаа улс төрчдийг нэр дэвшүүлэх үү үгүй юу гэдгийг намынхаа түвшинд ярина.