Ц.Чулуунзагд “Админерал”-ын захирлаар ажиллаж байхдаа нас барсан хятадын иргэний гарын үсэгтэй дардасыг хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй байгаа аж

Ц.Чулуунзагд “Админерал”-ын захирлаар ажиллаж байхдаа нас барсан хятадын иргэний гарын үсэгтэй дардасыг хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй байгаа аж

АТГ-аас  өнгөрсөн лхагва гарагт /2025.09.10/ МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь  нэгжлэг хийж, улмаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Тэгвэл тус хэргийн талаар АТГ-аас өнөөдөр /2025.09.15/ мэдээлэл өгчээ. Тус мэдээлэлд дурдсанаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр хэсэгт зааснаар Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо болон Тавантолгой түлш ХК-ний эрх бүхий албан тушаалнуудад холбогдох хэргийг өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн байна. Уг хэргийн хүрээнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан, хахууль авсан гэмт хэрэгт Ц.Чулуунзагд нарын нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ-т нэр бүхий хүний ар гэрээс гомдол мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу нэгжлэгийн ажиллагаа явуулахад хэрэгт ач холбогдол бүхий бичиг баримт, нотлох баримтыг хураан авчээ. 

Тодотговол, “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нас барсан, БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын ар гэрээс гомдол гаргасны дагуу АТГ-аас Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газруудад нэгжлэг хийсэн байна. Нэгжлэг хийх үед БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон бөгөөд уг дардасыг Хятадын иргэн Х.Хасбаатарыг нас барснаас хойш хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.