Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.
Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд дахин нэр дэвших үү" гэдгийг тодруулж буй гурав дахь цувралаа хүргэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув.
ВИДЕО:
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: 2024 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшинэ. Би УИХ-д 20 жил ажиллахдаа гурван зүйлд анхаарал хандуулсан. Нэгдүгээрт, улс оршихуйн үндэс болсон газар нутаг, байгаль орчин, байгалийн баялгийн тэгш шударга хуваарилалтын зарчим. Хоёрдугаарт, хүний эрх, хүний хөгжлийн асуудал. Гуравдугаарт, тэгш шударга ёс.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: 2012 онд ялагдаж байсан. 2016, 2020 онд нэр дэвшиж ялсан. 2024 онд дахин нэр дэвшинэ. Жагсаалтад орохгүй. Ард түмэн дээр очиж дүнгээ тавиулна. Сөрөг хүчний гишүүн хууль батлуулахад хүндрэлтэй байдаг. Би нийт 20 хуулийг өргөн барьсан. Түүний наймыг нь УИХ-ын босгоор давуулсан. Учир нь би яг ард түмэнд хэрэгтэй хуулийн төслийг өргөн барьдаг. Тэр хуулиудаа хүмүүсийн ойд ортол тайлбарлаж чаддаг. Их хурлын гишүүд орон нутагт ажиллахад иргэд "Пүрэвдоржийн хуулийг батал" гэсэн шаардлагыг тавьдаг. Тийм учраас аргагүй үнэнд гүйцэгдээд миний найман хууль батлагдсан. Дахин дөрвөн хууль хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн байна. Мөн найман хууль нь УИХ-ын даргын зөвлөл дээр дарагдсан. Дандаа бизнесийг дэмжих, татварын орчныг сайжруулах агуулга бүхий хуулийн төслүүдийг дарсан. Эрх баригчид татвар нэмэх, бизнес дэхь дарамтыг нэмэгдүүлж байна. Хэрвээ миний хуулийн төслүүд УИХ-аар батлагдвал Б.Пүрэвдоржийн нэр хүнд өсөх учраас эрх баригчид дарж байгаа. Мөн энэ жил Ховд аймагтаа 80 орчим уулзалтыг хийсэн. Зөвхөн Ховдод уулзалт хийгээд байвал өрөөсгөл улс төрч болох учраас мөн 21 аймгийн 67 суманд ажилласан. Тэндхийн хүмүүсийн бодол, ажил амьдрал юу байна гэдгийг ойлгохын тулд би ингэж ажилласан юм. Ирээд би тэр аймгийн тэр сумын тэр багийн иргэн тэгэж ярьж байна гэж дуу хоолойг нь хүргэдэг байсан. Бид бол ард түмнээс сонгогдсон төлөөлөл. Тиймээс ард түмнийхээ дуу хоолойг хүргэх ёстой. УИХ-ын дарга нэг хэсэг миний үгийг их тасладаг байсан. Сүүлдээ ард түмний үгийг дамжуулах нь зөв гэдгийг ойлгоод таслахаа байсан. Улс төрчийн хувьд миний дарга бол миний хайртай Ховдынхон.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Сонгууль эхлээгүй байна. Дахин нэр дэвших эсэхээр бодсон зүйл алга. Рейтинг ямар байгааг ч мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль, Хөрөнгө оруулалтын банкны хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хуулиуд Монголын эдийн засгийг өсгөнө. Шаардлагатай хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ: Хийх ажил дуусаагүй байна. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбар руу чиглэсэн хуулийн төслүүд дээр ажилласан. Тухайлбал, Боловсролын багц хуулийн төсөл дээр ажиллахдаа төсвийн тооцооллыг хийж, ажлын хэсгийг ахалсан. Үр дүнд нь тус салбарын төсвийг нэмж чадсан. Өмнө нь улсын төсвийн 7-8 хувь буюу 1.5 их наяд төгрөг л боловсролын салбарт зарцуулагддаг байсан. Харин ирэх 2024 онд энэ салбар дөрвөн их наяд төгрөгийн төсөвтэйгөөр ажиллана. Үүнд сургуулиудын хөрөнгө оруулалт, таван жил тутам тоног төхөөрөмжийг шинэчлэх, багш нарын цалин, гүйцэтгэлийн урамшуулал гээд бүх зардал багтсан. Эрүүл мэндийн салбарт бол эрүүл мэндийн даатгалаар 90 эмийг хөнгөлөлттэй үнээр авдаг байсан бол одоо 240 эмийг авдаг болсон. Мөн Эрүүл мэндийн даатгалаар дурын эмнэлэгтээ очиж хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг болсон. Харин эдийн засгийн салбарт Зөвшөөрлийн хууль, Банкны хууль, Аялал жуулчлалын хуулийг батласан байна. Аялал жуулчлалын хууль батлагдсанаар энэ жил эдийн засагт нэг тэрбум долларын орлого орсон байна. 650 мянган жуулчин ирсэн. Зөвшөөрлийн хуулиар 1600 орчим болсон зөвшөөрлийг цөөлж 362 болголоо. Мөн Хөрөнгө оруулалтын хууль, Тэнхимийн хууль, Дампуурлын хуулийг өргөн барьсан байна. Манай эдийн засаг долларын гачигдалтай байсан. Ганц гаргадаг экспортын түүхий эдийн цаана төмөр зам, боомт, зам тээвэр гэж олон жил хэрэлдээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оноос манай орны өрсөлдөх чадвар буураад ирсэн. Экспортын багцыг харвал хоёр, гурван нэр төрөл хасагдсан. Энэ нь нүүрс, зэсний үнэ унавал эдийн засаг дагаад унана гэсэн үг юм. Тэгэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж экспортын багцаа тэлэх ёстой. Багцыг тэлснээр өрсөлдөх чадвар сайжирна. Гадаадаас доллар зээлэх биш экспортоороо, хөрөнгө оруулалтаараа доллар татах ёстой. Ингэж байж манай хөрөнгө оруулалт сайжирч, иргэд мөнгөтэй болно. Миний дарга бол сонгогчид. Энэ жил би 30 мянган иргэнтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажилласан.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ: Нэр дэвших асуудлыг намын дүрмээр шийдэх байх. Би дэвшинэ гэхээр дэвшчихгүй. Хувь хүнийхээ хувьд дахин нэр дэвших бодол байна. Миний хувьд 10 гаруй хуулийн төслийг өргөн барьсан байна. Засгийн газарт 10 асуулгыг тавьж, хариултыг нь аван олон нийтэд мэдээлэл өгсөн. Малчдын нийгмийн асуудлыг шийдсэн хэд, хэдэн хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцээгүй.