Газын зурваст хүмүүнлэг ёсны үүднээс цуврал байдлаар түр гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталжээ. Өчигдөр /2023.11.15/ болсон хуралдааны явцад 12 улс уг тогтоолыг батлахыг дэмжсэн бол АНУ, ОХУ, Их Британи гэсэн гурван улс түдгэлзсэн байна.
Тогтоолд “НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагууд, тэдгээрийн түншлэгч байгууллагуудаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг бүрэн бүтэн байдлаар, богино хугацаанд, аюул саадгүйгээр хүргэх үүднээс олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжид нийцүүлэн Газын зурваст яаралтай гал зогсоож, хүмүүнлэгийн зурвас гаргахыг" уриалжээ.
Мөн энэ сарын 09 /2023.11.09/-ны өдөр НҮБ Палестины "эзлэгдсэн" газар нутаг, тэр дундаа Иерусалим, Голаны өндөрлөгүүдэд Израильчууд суурьшиж байгааг хууль бус гэж үзэх санал хураалт явуулсан байна. Тус санал хураалтад Монгол Улс зэрэг 145 орон "тийм" гэсэн санал өгч, 18 улс санал өгөхөөс түдгэлзсэн байна. Харин АНУ, Канад, Израиль, Унгар, Микронез, Маршаллын арлууд, Науру гэсэн долоо улс "эсрэг" санал өгчээ.