Монгол Улс Европын холбоотой ойн салбарын хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтаар өргөжүүлнэ

Монгол Улс Европын холбоотой ойн салбарын хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтаар өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Европын Холбооны Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Төлөөлөгчдийн тэргүүн, Европын комиссын Байгаль орчны Ерөнхий газрын Дэд дарга Патрик Чайлд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните болон холбогдох албаныхантай уулзаж, ойн нөхөн сэргээлт, тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Монгол Улс Европын Холбоог уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх үйл ажиллагаа, тогтвортой хөгжил, ойн салбарын чухал түнш хэмээн онцолж, ЕХ-Монголын Ойн түншлэл нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах бодлогын чухал суурь болж байгааг тэмдэглэсэн бөгөөд тус түншлэл 2022 онд эхэлж, Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдан хэрэгжиж байна.

Мөн уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB)-тай байгуулсан хамтын ажиллагаа, ойн тогтвортой менежмент, био эдийн засгийг хөгжүүлэх санхүүжилтийн боломжийг онцоллоо. Монголын талаас “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda-г COP17-ын бодлогын өв болгон хэрэгжүүлж, бодит төсөл, хөрөнгө оруулалтын боломж бий болгох зорилтыг танилцуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд: Бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын амьжиргааны тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх; Ус ба газрын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх; Байгальд түшиглэсэн шийдлийг дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэв. Монгол Улс эдгээр санаачилгыг ЕХ-ны Global Gateway, уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн бол Европын холбооны зүгээс COP17-ын дараа хөрөнгө оруулалт, бодит хэрэгжилт, нөхөн сэргээлтийн үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.