"ОХУ-аас өөр энгийн автобензин үйлдвэрлэдэг газар байхгүй учир евро-5 төрлийн бензин л олж чадаж байна"

"ОХУ-аас өөр энгийн автобензин үйлдвэрлэдэг газар байхгүй учир евро-5 төрлийн бензин л олж чадаж байна"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, үнэ болон орон нутагт үүсээд буй хүндрэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шатахуун олдож л байвал их юм болчихоод байна. ОХУ-д Евро-2 төрлийн шатахууны үнэ тасралтгүй өсөж байна. Сар бүр худалдан авах ДТ болон шатахууны үнэ өсдөг. Одоо өсвөл өссөн үнээр, буувал буусан үнээр нь авахаас өөр сонголтгүй нөхцөл байдалтай байна. Харин хяналт шалгалтын тухайд шатахууныг байнга шалгадаг. Хилээр орж ирэх, агуулах дээр буух үедээ лацтай байдаг. ШТС дээр иргэдэд худалдаалж байх үедээ л өөрчлөлт орохгүй бол бусдаар өөрчлөлт орох боломжгүй. Өчигдөр манай яамнаас хяналт шалгалт явсан. Өчигдрийн шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал гарсангүй.  14 мянган тонн АИ-92 автобензин өнгөрсөн долоо хоногоос хойш орж ирж, түгээгдэж байгаа. Ард иргэддээ мэдээлэл өгөхөд Евро-2 төрлийн буюу Ангарскын үйлдвэрт Монгол, Киргиз хоёрт зориулан үйлдвэрлэдэг. Энэ нь тогтвортой, хямд үнээр худалдан авдаг бензин. Үүний гэрээ зах зээл дээрх үнэ гурван сар тасралтгүй өндөр үнэ хүрвэл өөрчлөхөөр тусгагдсан. Бид үнээ тогтвортой бариад явж байсан ч өнгөрсөн хавраас ОХУ болон Украйн, мөн Иран, АНУ-ын хоорондын зөрчилт байдлаас шалтгаалж үнэ савлаж байна. ОХУ-ын биржийн үнээр зарах хэлцлийг хийсний үндсэн дээр үнэ харьцангуй тогтвортой байж ирсэн. Долоодугаар сард дизель 100 төгрөгөөр буурч байсныг санаж байгаа байх. Роснефть компаниас энэ сард 50 мянган тонн шатахууныг өгөхөөр гэрээлснээ өгсөн. Хямралтай нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглээ маань гүйцэхгүй байна. Улаанбаатарт ердийн үед нэг сард 1000-1200 тонн шатахуун хэрэглэдэг бол сүүлийн арав гаруй хоногт 1500-1700 тонныг нийлүүлчихээд байна. Одоо харьцангуй тогтворжиж байна гэж харагдаж буй. Мөн орон нутагт хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллаж байна. Мөн аль аймаг, сум руу ямар хэмжээний шатахуун тээвэрлэж байгааг мэдээлдэг сувагтай болсон. Энэ долоо хоногийн төгсгөлд шатахууны хүндрэлтэй байгаа аймгуудад бүрэн нийлүүлэгдэх байх. Үүнээс гадна шатахуун хадгалах сав суулгаа сайжруулахаар ажиллаж байна. Бид эхний ээлжид нэг сар хадгалж чаддаг байсан хүчин чадлаа 45 хоног болгоно. Мөн манай яамнаас БНХАУ руу ажлын хэсэг явж ажилласан. Ажлын хэсэг сайн мэдээг дуулгаж байгаа. Монгол Улс нэг сарын хугацаанд 75 мянга орчим шатахуун хэрэглэдэг. Үүний 50 мянгыг нь ОХУ-аас авдаг. Үлдсэн 25 мянгын дутагдлыг нөхөхийн тулд БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсуудаас нийлүүлэлтээ нөхөж байна. ОХУ-аас өөр энгийн автобензин үйлдвэрлэдэг газар байхгүй. Бид Евро-5 төрлийн бензин л олж чадаж байна. Дэлхий нийт тийшээ шилжиж байна. Агаарын бохирдол, эрүүл мэнд, экологийн стандарт зэргээс шалтгаалж бага стандарттай бензин үйлдвэрлэхээ больж байгаа. ОХУ-ын бүх муж оочертой. Нефть боловсруулах 30 гаруй үйлдвэрийнх нь 20 орчим нь халдлагад өртчихсөн. Дараагийн асуудал бол орон нутагт саванд шатахуун олгохгүй байгаа явдал. Үүнийг шийдэхээр яг одоо шуурхай штаб хуралдаж байна. Хадлан, тариагаа хураах энэ цаг үед тус асуудал орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байгаа. Мөн ард иргэдэд шатахууны үнэ өссөн хүндрэл учруулж байгааг ойлгож байна. Гэвч маш хямралтай нөхцөл байдалд байна шүү дээ, дэлхий нийтээрээ. Бид бүх боломжоороо хичээж байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэггүй гэхэд нийлүүлэлт харьцангуй сайн явж ирлээ. ОХУ болон Украйн, мөн Иран, АНУ-ын нөхцөл байдал улам хүндэрч байна. Газрын тосны үнэ өсөж байна. Дахин хомсдох байдал үүсэх магадлал тун өндөр. Иймд ард иргэдийгээ шатахуун түлшний хэрэглээгээ хэмнэж, бусдадаа хүртээмжтэй байх талд анхаарахыг хүсье. Байгаа боломжоо ашиглаж, ард иргэд, төр засаг, хувийн хэвшил хамтарч энэ хүнд байдлыг давна. Газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн нөхцөл байдалтай буй” гэв.