АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) захирал Жон Рэтклифф наймдугаар сарын 25-нд АНУ-ын цэргийн тээврийн онгоцоор Москва хотод очиж, Оросын тагнуул, аюулгүй байдлын албаныхантай уулзжээ.
Түүний айлчлалыг урьдчилан зарлаагүй бөгөөд Рэтклиффийн сууж явсан “Boeing C-17 Globemaster” онгоц Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардсаны дараа мэдээлэл олон нийтэд ил болсон байна. “Flightradar24”-ийн мэдээллээр уг онгоц Вашингтоны ойролцоох “Joint Base Andrews” цэргийн баазаас нисэж, наймдугаар сарын 23-нд Латвийн Рига хотод саатаад, улмаар Москваг зорьжээ.
АНУ-ын эрх баригчид айлчлалын талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Рэтклифф Москвад очсоныг баталж, түүний айлчлал нь “аюулгүй байдлын байгууллагууд хоорондын харилцаа холбоо” байсан гэж мэдэгджээ. Песковийн хэлснээр, Рэтклифф Оросын тагнуулын албаныхантай уулзсан боловч Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй байна. Харин уулзалтын үр дүнгийн талаар Путинд мэдээлсэн гэжээ. Уулзалтаар ямар асуудлыг хэлэлцсэн талаар Кремль дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалыг “хагас тогтмол” буюу ердийн шинжтэй гэж тодорхойлсон байна. Тэрбээр айлчлалын зорилгыг тодорхой хэлээгүй ч Украины дайныг дуусгах хүчин чармайлтад үр дүн авчирч магадгүй гэжээ. Мөн Трамп Рэтклиффийг НАТО-гийн асуудал эсвэл Ираны эсрэг хоригийн талаар хэлэлцэхээр Москвад очсон гэх таамгийг үгүйсгэсэн байна.
“The Kyiv Independent” сонинд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Рэтклиффийн айлчлалын өмнө АНУ Украины талаас Москва болон Санкт-Петербург хот руу хийж буй цохилтоо зогсоохыг хүссэн гэх мэдээлэл гарсан. Гэхдээ энэ мэдээллийг АНУ болон Украины тал албан ёсоор батлаагүй байна.