Ардчилсан намаас “Өөрчилье” үндэсний хэмжээний аяныг орон даяар зохион байгуулж байгаа.
Тус намын дарга О.Цогтгэрэл энэ аяны хүрээнд Монгол Улсын хэмжээнд багадаа нэг сая гаруй иргэнтэй уулзаж, тэдний тулгамдсан асуудлыг сонсон, шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэж мэдэгдэж байсан. Энэ бол улс төрийн хувьд маш том амлалт. Гэтэл сүржин нэртэй, үндэсний хэмжээний хэмээн тодорхойлсон энэ хөдөлгөөний хүрээнд одоогоор олон нийтэд харагдаж буй ажлын нэг нь Төв талбайд залуусын дунд зохион байгуулсан “Open mic” арга хэмжээ байлаа. Арга хэмжээний үеэр Ардчилсан намын холбогдох албан тушаалтнууд гитар тоглож, дуу дуулж, улс төрийн үг хэлжээ.
Гитар тоглож, дуу дуулахыг буруутгах гэсэнгүй. Залуусын дуу хоолойг сонсох, тэдэнтэй нээлттэй ярилцах нь өөрөө муу зүйл биш. Харин асуудал нь энэ арга хэмжээ “Өөрчилье” хэмээх үндэсний хэмжээний томоохон аяны бодит агуулга, зорилготой хэр нийцэж байна вэ гэдэгт байгаа юм. Өнгөрсөн хавар Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Төв талбайд сугалаатай жагсаал зохион байгуулж байхад олон нийт, тэр дундаа чимээгүй олонх нэлээд шүүмжилж байсан. Харин өнөөдөр Монголын парламент дахь МАН-ын дараа орох олон суудалтай, сөрөг хүчний гол намын зохион байгуулж буй хөдөлгөөн тэрхүү улс төрийн популизмаас юугаараа ялгарч байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах асуудлаар бойкот хийж, улс төрийн тэмцэл өрнүүлж болно. Энэ бол сөрөг хүчний хийх ёстой ажлын нэг хэсэг. Гэхдээ үүгээр хязгаарлагдах учиргүй. Өнөөдөр татварын дарамт нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, өрхийн орлого амьдралын зардлаа гүйцэхээ больж байна. Өнөөдөр, маргаашаа залгуулж ядан амьдарч буй олон иргэнд улс төрчдийн гитарын тоглолтоос илүү бодит шийдэл, тодорхой санал, хэрэгжих боломжтой гарц хэрэгтэй байна. Товчхондоо, иргэд өнөөдөр гитар тоглож, дуулах тэнхэлгүй болчихоод байна. Ардчилсан намынхан үүнийг ойлгох цаг болжээ.
1990 оны Ардчилсан хувьсгалын үед Хонхны дуу ард түмнийг сэрээж, өөрчлөлтийн хүсэл эрмэлзлийг нэгтгэж байсан. Тэр үед Монголын нийгэмд эрх чөлөө, ардчилал, шинэ тогтолцооны тухай томоохон санаа хэрэгтэй байсан. Харин өнөөдөр нөхцөл өөр болсон. Иргэд ардчиллын үнэ цэнийг үгүйсгэж байгаа эсэх тухай бус, маргаашийн амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэг тухай илүү их санаа зовж байна. Үнэ өсөж байна. Өрхийн зардал нэмэгдэж байна. Татварын дарамт иргэд, бизнесийн нуруун дээр улам мэдрэгдэж байна. Ийм үед улс төрийн намуудын өрсөлдөөн зөвхөн хэн нь илүү сүртэй үг хэлэх вэ гэдэг дээр тогтож болохгүй цаг үе ирчихээд байна.