БНСУ-ын YG энтертайнмэнтаас гаргаж буй “BABYMONSTER” хамтлагт дэбют хийхээр бэлтгэгдэж байсан Ахёон эрүүл мэндийн шалтгааны улмаас хамтлагаа орхиж, тус хамтлаг зургаан гишүүнтэйгээр дэбют хийх болсон талаар агентлагаас нь мэдээлжээ.
“BABYMONSTER” хамтлаг нь энэ сарын 27-нд анхны дуугаа гаргахаар төлөвлөсөн. Харин YG энтертаймэнтаас, ““BABYMONSTER" хамтлаг Рука, Парита, Аса, Харам, Рора, болон Чикита гэсэн 6 гишүүний бүрэлдэхүүнтэй дэбютээ хийнэ. Хамтдаа дэбют хийхээр бэлдэж байсан Ахёон эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд амрахаар шийдсэн. Уран бүтээлчийнхээ эрүүл мэндийн төлөө гаргасан шийдвэр учир бидний зүгээс "BABYMONSTER"-ийн албан ёсны гишүүнээр Ахёоныг зарлах боломжгүй боллоо" гэжээ.
Сонирхуулахад, "BABYMONSTER" бол "BLACKPINK" хамтлагаас долоон жилийн дараа YG-ээс гаргаж буй охидын хамтлаг бөгөөд албан ёсны YouTube сувгийг захиалагчдын тоо 129 хоногийн дотор 2 саяыг давсан нь дебют хийхээсээ өмнө хамгийн богино хугацаанд энэ амжилтад хүрсэн тохиолдол юм. Түүнчлэн "Billboard"-аас тэднийг "К-поп төрөлд шинэ давалгааг бий болгоно" хэмээн таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: SBS