Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.
6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм.
Сурагчдын зургийн бүтээлээр өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний Музейд үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хүүхэд багачуудад Хүүхдийн баярын мэнд дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ!
Хүүхдийн баярын мэнд хүргэе.
Өнгөрсөн жилийн Эх үрсийн баяраар хүүхдүүд маань Ерөнхийлөгчдөө хандан олон мянган захидал илгээсэн. Тэр захидлуудад хүүхдүүдийн маань хүсэл мөрөөдлөөс гадна амьдралын бэрхшээл зовлон, суралцахад учирч байгаа саад тотгор, ангийнхныхаа тухай, багшийнхаа тухай, сум, орон нутгийнхаа тухай олон зүйлийг бичсэн байсан.
Хүүхдүүд та нарынхаа захидлыг уншаад захидлын мөрөөр олон ажил хийж эхлүүлсэн. 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, бодитой ажлуудыг хийж байна. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохын төлөө чармайн ажиллаж байна.
Хүүхдүүд та бүхнийг эрсдэлгүй, аюулгүй орчинд, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хамт олонтойгоо бүхнийг хийх болно.
Монгол Улсад “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам зохион байгуулагдана. Наадмын бэлтгэл болгож Хүүхдийн спортын хотхон байгуулах ажлыг мөн Ерөнхийлөгч миний бие ивээлдээ аван ажиллаж байна. Хүүхдүүд маань тун удахгүй анхны мөсөн ордонтой, хөл бөмбөгийн талбайтай, мэргэжлийн тамирчид бэлтгэл хийх бололцоотой 50 метрийн урттай анхны усан спортын цогцолбортой болно. Хүүхэд бүхэн чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэдэг байгаасай гэж хүсэж, үүний төлөө чармайн ажиллаж байна.
Манай хүүхэд залуус ой тогтоолт, цээж тоолол, соробан сампин, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам, шайбтай хоккей, сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрлөөр тун сайн амжилт гаргаж байгаа. Иймд цаашид төр засгаас хүүхэд, залуучуудын дунд спортын соёлыг дэмжих, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.
Сайн сурах чухал ч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү гэж Ерөнхийлөгч нь та бүхэнд захья. Урлаг, спорт хүнийг сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй.
Өнөөдөр энд урлагт дуртай, хайртай, зурах дуртай хүүхдүүд цугларчээ. Өнгөрсөн жил хүүхдүүд амьдралын зовлон бэрхшээлээ Ерөнхийлөгчдөө захидал, зургаар дамжуулан илэрхийлж байсан бол энэ жил “Монголын ирээдүй-Миний ирээдүй” сэдвээр зураг зурж ирүүлсэн хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө ирээдүйг эх орныхоо ирээдүйтэй холбож ойлгож, мөрөөдөж, түүнийгээ зургаар илэрхийлнэ гэдэг авьяаслаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн болохын шинж.
Эх орныхоо ирээдүй болсон Монгол Улсын залуу иргэн Та бүхний гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл биелж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хүүхдүүд та нартаа, мөн Монголынхоо ирээдүйд итгэж байна.
Хүүхдүүд Та бүхэндээ болон авьяаслаг хүүхдүүд төрүүлж өсгөсөн ээж аав, гэр бүлийнхэнд нь, багш нарт нь Эх үрсийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын үрс маш олон болж, Монгол Улсын маань ирээдүй хүүхдүүд та нарын зурсан зураг шиг өнгөлөг, гэгээлэг, бадрангуй байх болтугай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ зургийн үзэсгэлэнг үзэж, сэтгэл баясаж, урам зориг авах болтугай хэмээн үзэсгэлэнг өргөнөөр үзэхийг уриалав.
Оролцогчдын ирүүлсэн бүтээлийн сэдэв, агуулгад дүгнэлт хийхэд 40 хувь нь хүүхэд өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдлөө зурсан бол 22 хувь нь Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг өөдрөгөөр харж байгаагаар дүрсэлсэн байна.
Нийт бүтээлийн 13 хувь нь байгаль экологийн агуулгатай байсан бөгөөд өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулж буй агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцаж байгааг дүрсэлсэн бүтээлүүд байлаа. Мөн хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн ач холбогдол бүхий байгууламж шаардлагатай байгаа нь тэдний зурж ирүүлсэн Зоопарк, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн зэргийг тусгасан бүтээлүүдээс ажиглагдаж байна.
Эх сурвалж: www.president.mn