Пусан хотын цагдаагийн даргатай уулзаж, жолооны шалгалтыг монгол хэл дээр авдаг болгох талаар санал солилцжээ

Пусан хотын цагдаагийн даргатай уулзаж, жолооны шалгалтыг монгол хэл дээр авдаг болгох талаар санал солилцжээ

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын Пусан хотын Цагдаагийн Ерөнхий газрын шинээр томилогдсон дарга Ом Сон Гюү-тэй танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр Консулын газрын тойрогт болон БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн дунд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. Тухайлбал, Монгол иргэдийн зүгээс тогтмол тавьдаг хүсэлт болох жолооны шалгалтыг Монгол хэл дээр зохион байгуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудад уламжилж, дэмжин ажиллах хүсэлтийг илэрхийлжээ. Мөн Пусан хотын Цагдаагийн Ерөнхий газар болон Монгол Улсын Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий газрын нэгж, хэлтсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн хүний нөөцийг чадавхжуулах сургалтад хамруулах боломжийн талаар харилцан санал солилцов. ЦЕГ-ын дарга Ом Сон Гюү Консулын зүгээс тавьсан санаачилгуудыг нааштайгаар судлан, холбогдох байгууллагуудтай уялдуулан ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.