УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа АН-ын тамга, гэрчилгээг Ц.Туваанаар дамжуулж Х.Баттулга өөртөө авах гээд чадаагүй. Учир нь С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газар хандаж АН-ын тамгыг дахин шинээр хийлгэж аваад, Ц.Туваанд өгсөн тамгаа хүчингүй болгосон. Улмаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй Х.Баттулга АН-ын даргыг тодруулах сунгаа гэгчийг З.Энхболдын хүмүүсээр зохион байгуулж өөрийгөө “АН-ын дарга” хэмээн нэрлэж, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд явсан.
Харин өнгөрөгч хоёрдугаар сард Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэх шийдвэрийг Улсын дээд шүүх гаргаснаар Х.Баттулга, С.Эрдэнэ нарын зөрчилд цэг тавьсан гэж болно. Мөн АН-ыг есөн дэд даргатай болгож, саяхан болсон Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар батлахаар төлөвлөөд байсан ч, Х.Баттулга өөрийн дөрвөн хүнээ дэд дарга болго гэж шахсанаар энэ тоо 15 болж өссөн хэмээн тус намын гишүүд дотор яригдаж байна.
-Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД ХОЁР НИЙЛЖ, НЭГ НЬ С.БАЯРЦОГТЫГ НӨГӨӨ НЬ Л.ГАНТӨМӨРИЙГ МУУЛЖ ЭХЭЛЖЭЭ-
Өдгөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатарыг дагуулан “Хөх туг” хэмээх аяныг зохион байгуулж аймгуудад очиж, иргэдтэй уулзалт хийж яваа. Тэгвэл тэрээр хөдөө, орон нутагт иргэдтэй уулзах үеэрээ “АН-ын нэрийг өөрчлөх нь зөв үү, АН-ын логог өөрчлөх нь зөв үү, АН Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө юу хийх ёстой вэ” гэсэн гурван асуулттай судалгаа авч яваа аж. Мөн сүүлийн үед АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтыг муулах, түүний талаарх сөрөг мэдээлэл эрс мэдэгдсэн. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт АН-ын төв байрны гадна үл таних иргэд цуглаж, “С.Баярцогт зайл” гэсэн лоозон барьж, бүжиглэсэн. Тэгвэл үүний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа гэж тус намын гишүүд ярьж байна.
ВИДЕО:
Учир нь тэрээр саяхан Хөвсгөл аймагт “Хөх туг” аянаараа очиж иргэдтэй уулзах үеэрээ, “Л.Гүндалай ҮБХ-ны хурал дээр С.Баярцогтыг гэмт хэрэгтэн хэмээн шүүмжилсэн энэ бол зөв” гэсэн утгатай зүйлийг ярьсан аж. Тодруулбал, наймдугаар сарын 28 /2023.08.28/-ны өдөр ҮБХ-ны хуралд Л.Гүндалай оролцож “С.Баярцогтыг шүүмжилж” асуулт асуужээ. Гэтэл тус хуралд өөрийн биеэр ирж оролцоогүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга үүнийг нь мэдчихсэн, хөдөө орон нутагт очихдоо Л.Гүндалайгийн С.Баярцогтыг шүүмжилсэн зүйлийг хүмүүст яриад “зөв” хэмээн дүгнэлт хэлж яваа ажээ.
Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хан-Уул дүүргийн АН-ын зарим гишүүдэд хандаж “С.Баярцогтыг шүүмжлэх хэрэгтэй байна. МоАХ-ны гишүүд шүүмжилбэл намайг гэж харна” гэсэн утгатай зүйлийг ярьжээ.
Харин УИХ-ын дарга асан З.Энхболд саяхан Баянгол зочид буудалд Х.Баттулгын гэгдэх арав орчим залуустай уулзаж “Л.Гантөмөр намын дарга байгаа цагт АН сонгуульд хэзээ ч ялахгүй” гэсэн утгатай зүйлийг ярьсан хэмээн АН-ын гишүүд дотооддоо ярьж байна. Товчхондоо, Х.Баттулга, З.Энхболд хоёр саяхан болсон ҮБХ-ны хурлын дараа нийлж, нэг нь С.Баярцогтыг, нөгөө нь Л.Гантөмөрийг шүүмжилж муулах ажилдаа орсон бололтой.
-Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД НАР АН-Д ӨӨРСДИЙН ОРОЛЦООГОО ӨНДӨР БАЙЛГАХЫГ ЗОРЬДОГ-
Хачирхалтай нь, Х.Баттулга АН-д анхнаас нь байгаагүй бөгөөд тэрээр 2004 онд "Эрэл" компанийн эзэн Д.Эрдэнэбатын "Эх орон" намаас АН-д анх орж байжээ. Улмаар АН-ын анхдагч гишүүд нь байдаг Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ыг авч, өөрөө толгойлох болсноор тус намд түүний байр суурийг нь бэхжүүлж өгсөн гэдэг.
Мөн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэр хүндийг иргэдийн дунд унагаах ажлыг Х.Баттулга гардан хийсэн гэх нь ч бий.
Харин З.Энхболдын хувьд 2015 онд АН-ын даргаар сонгогдож, улмаар 2016 онд ялагдуулсан. Ингээд 2017 онд өөрийн найз, нэг фракцын С.Эрдэнийг АН-ын дарга болгоод, 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтийг өөрөө шийдсэн ч, мөн л тус намыг ялагдуулсан гэдэг. Мөн сүүлийн 2-3 жил үргэлжилсэн “АН-ын дарга”-ын төлөөх зөрчилд Х.Баттулга, З.Энхболдын нарын оролцоо хамгийн их байжээ. Тухайлбал, З.Энхболдын хүмүүс АН-ын Дотоод сонгуулийн хороо гэгчийг удирдаж тус намын даргын сунгааг удаа дараа хийж, О.Цогтгэрэл, Х.Баттулга нарыг АН-ын даргаар тодруулж байжээ. Харин өдгөө АН-ын удирдлага, бүтэц өөрчлөгдсөн ч Х.Баттулга, З.Энхболд нар тус намд өөрсдийн оролцоо, нөлөөгөө алдахгүй хэмээн зүтгэсээр, улс төрийн янз бүрийн акцыг хийх болжээ.