Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь болон Ардчилсан намын 15 Дэд дарга нар Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр " Холимог тогтолцоог дэмжиж, парламентыг өргөжүүлэхдээ Монголын парламентыг ухаалаг, мэргэжлийн болгохын тулд л ажилласан. Тиймээс бид эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүнийг дэвшүүлнэ, боловсролын байгууллагыг төлөөлж чаддаг хүнийг л дэвшүүлэх хатуу байр суурьтай байгаа. Цаашлаад намын гишүүдийн дэмжлэгийг авч чадсан хүнийг жагсаалтад оруулна. Хамгийн олон гишүүдийн саналыг авсан хүнийг жагсаалтад оруулна гэсэн үг. Бид шинэчлэгдсэн жагсаалтыг гаргана. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга механик ажил хийнэ. Өөрөөр хэлбэл, "гал тогоо"-ны ажлыг хийнэ. Гал тогоонд ямар ажил хийхийг өнөөдрийн Улс төрийн зөвлөлийн хурлаар шийднэ. Яг ямар түвшний хүнийг ажиллуулах вэ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд хүрдэг хүн байх уу эсвэл дотоод асуудлаа шийддэг хүн байх уу гэдгийг ярилцана.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг тун удахгүй сонгоно. Дотоод ажил нь сонгуульд илүү үнэ цэнэ гаргах уу эсвэл гадаад тал руу ажиллах нь үнэ цэнэтэй байх уу гэдгийг бид ярилцана. Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь цэвэр миний эрх мэдлийн асуудал. Үүнд халдах гэсэн хүмүүс түрүүлж янз бүрийн мессеж явуулаад байна. Энэ бол намын даргад нөлөөлөх гэсэн оролдлого. Юу чаддаг хүн энэ ажилд очих вэ гэдэгт л би анхаарна" гэлээ.